Гоожингийн өндөр, Дамбадаржайлин хийдийг сэргээн засварлахад 2027 онд 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд түүх, соёлын дурсгалт хоёр барилгыг сэргээн засварлах хөрөнгийг тусгажээ. 114 жилийн түүхтэй Гоожингийн өндрийг сэргээн засварлахад 1.

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт барилга болох Гоожингийн өндөр болон Дамбадаржайлин хийдийг сэргээн засварлахад нийт 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ.
Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах, 114 жилийн түүхтэй Гоожингийн өндрийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын музейн өмчлөлд шилжүүлсэн талаар албаныхан өмнө нь мэдээлж байв. Тус барилгын газар, өмчлөлийн асуудлаар шүүхийн маргаан үүсэж байсан ч нийслэл газрын эзэдтэй тохиролцон шилжүүлэн авсан юм. Барилгыг сэргээн засварлахад ирэх онд 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Харин нийслэлийн ууган шашны байгууламжуудын нэг болох Дамбадаржайлин хийдийг 2027–2029 онд сэргээн засварлах ажлын нийт төсөвт өртөг 31 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 1.7 тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна.
Дамбадаржайлин хийдийг 1765 онд II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан байгуулжээ. Монголын шашин, архитектурын түүхийг хадгалсан тус хийд эдүгээ 261 жилийн түүхтэй юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





