Судалгаанд оролцсон иргэдийн 78% нь замын түгжрэлийг тулгамдсан асуудлаар нэрлэжээ
Нийслэлийн 2027 оны төсвийн төлөвлөлтөд зориулсан судалгаанд оролцсон иргэдийн 78 хувь нь замын түгжрэлийг Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудлаар нэрлэжээ.

Нийслэлийн иргэдийн 78 хувь нь замын түгжрэлийг тулгамдсан асуудал гэж үзэж байгаа ч 2027 оны нийслэлийн төсвийн төсөлд сонгосон 132 хөрөнгө оруулалтын хэд нь түгжрэлийг бууруулахад чиглэсэн, хэдий хэмжээний санхүүжилт хуваарилахаар төлөвлөсөн нь тодорхойгүй байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн долоодугаар сард зургаан дүүргийн 2,000 гаруй иргэнийг хамруулсан нийгмийн тандалт судалгаагаар замын түгжрэлийг тулгамдсан асуудлаар нэрлэжээ. Мөн судалгаанд оролцогчид агаарын бохирдол, авлига, хээл хахууль болон инфляцыг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хэмээсэн байна.
661 саналаас 132 төсөл сонгожээ
Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очирын танилцуулснаар, нийслэлийн харьяа 45 байгууллагаас 2027 оны төсөвт 661 төсөл, арга хэмжээний санал ирүүлжээ.
Эдгээрийг хоёр үе шаттай эрэмбэлж, 132 төсөл, арга хэмжээг сонгосон байна. Өөрөөр хэлбэл, таван санал тутмын нэг нь дараагийн шатанд шалгарсан гэсэн үг. Тухайлбал, түгжрэлийг бууруулахад авто зам, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн хөрөнгө оруулалт нөлөөлнө.
Иргэдийн саналын 55 хувь нь хот тохижилт, байгаль орчны чиглэлд төвлөрчээ Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд зориулсан цахим санал асуулгад 174,876 иргэн оролцжээ.
Үүнээс 96,155 иргэн буюу 55 орчим хувь нь хот тохижилт, байгаль орчны асуудлаар санал ирүүлсэн байна. Харин 46,094 иргэн хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр, 32,627 иргэн нийгмийн салбарын асуудлаар санал өгчээ.
Энэ нь иргэдийн өдөр тутмын амьдрах орчин, нийтийн эзэмшлийн талбай болон тохижилттой холбоотой хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Харин бодлогын түвшинд нэг асуулт урган гарч ирэх юм. Нийслэл иргэдийн тулгамдсан асуудлыг тодорхойлсон судалгаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр өгсөн саналуудыг төсвийн нэгтгэсэн эрэмбэлэлтэд ямар аргачлалаар тусгаж байгаа вэ? Төсвийн ил тод байдлыг зөвхөн санал асуулга зохион байгуулснаар бус, иргэдийн саналын дагуу ямар төсөл сонгогдож, ямар санал ямар үндэслэлээр хасагдсаныг тайлбарласнаар хэмжих боломжтой.
Түгжрэлийг бууруулах төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцох вэ?
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Түүний танилцуулснаар, төв замын ачааллыг хуваалцах торлог замын сүлжээг хөгжүүлж, хороолол дундах орц, гарцыг холбохоор төлөвлөжээ.
Мөн Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэлх чиглэлд нэг удаад 310 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай ART буюу орчин үеийн трамвай нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна “BYD” компанитай байгуулсан гэрээний хүрээнд Зунжингаас Долоон буудал, 32-ын тойрог хүртэлх чиглэлд гүүрэн замаар зорчих “Sky Shuttle” тээврийн систем байгуулахаар төлөвлөснийг мэдээлэв.
Эдгээр нь түгжрэлийг бууруулах зорилготой төслүүд боловч үр ашгийг нь барих замын урт, тээврийн хэрэгслийн багтаамж эсвэл төслийн нийт өртгөөр хэмжих боломжгүй.
Тухайлбал, шинэ зам ашиглалтад орсноор зорчих хугацаа хэдэн минутаар буурах, нийтийн тээврийн шинэ систем өдөрт хэдэн зорчигч тээвэрлэх, хувийн автомашины хэрэглээ хэр хэмжээгээр багасах, иргэдийн шатахуун болон цаг хугацааны зардалд ямар хэмнэлт гарахыг тооцох шаардлагатай.
Түүнчлэн их багтаамжийн тээврийн төслүүдийн барилгын анхны өртгөөс гадна ашиглалт, засвар үйлчилгээ, эрчим хүч болон урт хугацааны санхүүжилтийн зардлыг тооцох нь төсвийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой.
Хэрэв эдгээр үзүүлэлтийг урьдчилан тодорхойлоогүй бол төсөл хэрэгжсэний дараа зарцуулсан хөрөнгө бодит үр дүнд хүрсэн эсэхийг хэмжихэд хүндрэл үүснэ.
2027 оны төсвийн гол шалгуур нь хөрөнгө оруулалтын үр дүн байх ёстой
Нийслэлийн удирдлага 2027 оны төсвийг сахилга баттай, ил тод, иргэдийн хэрэгцээнд суурилсан байдлаар төлөвлөхөө мэдэгдсэн.
Гэхдээ төсвийн сахилга бат гэдэг нь зөвхөн батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах асуудал биш. Хязгаарлагдмал эх үүсвэрийг хамгийн өндөр үр өгөөжтэй төсөлд хуваарилах, өртгийн өсөлтөөс сэргийлэх, хэрэгжилтийн хугацааг мөрдөх, үр дүнг хэмжихтэй холбоотой.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





