Холбооны сүлжээнээс технологийн экосистем рүү: “Юнител” группийн 20 жилийн хөгжил
“Юнител” групп сүүлийн 20 жилд “Юнивишн”, “DDish”, “LookTV”, “Toki” зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг нэгтгэсэн 20 гаруй охин компанитай үндэсний хэмжээний технологийн цогц экосистем…

Ердөө хорин жилийн өмнө бид гар утсаа зөвхөн дуудлага хийх, мессеж бичих төдийхнөөр ашигладаг байлаа. Харин өнөөдөр нэг л товчлуур дараад банкны гүйлгээ хийж, зайнаас ажиллаж, суралцан, дэлхий ертөнцтэй цаг алдалгүй холбогддог болжээ. Монголын харилцаа холбооны салбарын энэхүү үсрэнгүй хөгжлийн түүчээ нь 2006 онд үүсгэн байгуулагдсан “Юнител” групп юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус компани энгийн нэг үүрэн холбооны оператороос үндэсний хэмжээний технологийн томоохон экосистем болон өргөжжээ.
Анх 2006 онд “Юнител” зах зээлд нэвтэрснээр нэг минутын ярианы тариф 220 төгрөгөөс 70 төгрөг болж огцом буурч, яриаг секундээр тооцох шинэ жишиг тогтсон нь хэрэглэгчдийн халаасанд бодит хэмнэлт авчирсан билээ. Үүний дараа 3G, 4G LTE болон 5G сүлжээг шат дараатай нэвтрүүлснээр гар утас зөвхөн ярих хэрэгсэл бус, дижитал амьдралын гол түлхүүр болж хувирсан юм.
Үүрэн холбооноос технологийн групп хүртэл Хэрэглэгчдийн хэрэгцээ өсөхийн хэрээр “Юнител” үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, “Юнивишн”, “DDish”, “LookTV”, “Гэр интернэт”, “Toki” зэрэг бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдийг нэг дээвэр дор нэгтгэжээ. Өдгөө 20 гаруй охин компанитай болтлоо өргөжсөн энэ түүх нь орчин үеийн технологийн компани зөвхөн сүлжээ түгээгч бус, харин мэдээлэл, санхүү, энтертайнмент гээд хүний амьдралын бүхий л хэрэгцээг хангах нэгдсэн экосистем байх ёстойг харуулж байна.
“Өртөө”: 20,000 жилийн түүхийг технологиор амилуулсан нь “Юнител” групп 20 жилийн ойгоо угтан Монголчуудын харилцаа холбооны 20,000 жилийн түүхийг өгүүлэх “Өртөө” төслийг олон нийтэд толилуулсан нь технологи, түүх, урлагийг холбосон онцгой үйл явдал боллоо. Эртний хадны сүг зургаас эхлээд Хүннү гүрэн, Их Монгол Улсын алдарт морин өртөө, улмаар орчин үеийн өндөр хурдны интернэт хүртэлх хөгжлийг 360 градусын дуу, дүрс, гэрлийн гайхамшгаар амилуулжээ. Долоон орны 300 гаруй уран бүтээлч, инженерүүд хамтарсан энэхүү төслийн хөдөлгөөнт дүрсний 5,925 фреймийг Монгол зураачид гараараа зурсан нь үндэсний өв соёлыг орчин үеийн технологитой төгс хослуулсан бүтээл болсон юм. Энэ нь зөвхөн түүх өгүүлээд зогсохгүй Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт олон улсын жишиг, шинэ боломжийг нээж өгснөөрөө онцлогтой.
Дараагийн 20 жилийн үнэ цэн Технологийн дэвшлээс гадна нийгэмдээ бодит үнэ цэн бүтээх нь “Юнител”-ийн бас нэгэн эрхэм зорилго. Тухайлбал, “Unitel STEAM HUB” хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн хүүхэд багачуудад программчлал, робот, инженерчлэлийн мэдлэг олгож, ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна. Мөн Монголын алтан үеийн сонгодог кинонуудыг HD форматад сэргээн засварлаж, соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Цаашид 5G сүлжээ, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан шийдлүүд харилцаа холбооны салбарын шинэ эрин үеийг тодорхойлно. Өнгөрсөн хорин жилд “Юнител” хүмүүсийг хооронд нь холбох гүүрийг барьсан бол ирэх хорин жилд тэрхүү холболтоор дамжуулан хүн бүрд мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, эдийн засгийн шинэ боломжуудыг нээж өгөхөөр зорьж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





