Хиймэл оюуны тоног төхөөрөмжийн эрэлт өссөнөөр “Lenovo”-ийн хоёрдугаар улирлын орлого 48 хувиар өслөө
Хятадын технологийн “Lenovo” группийн II улирлын орлого өмнөх оны мөн үеэс 48 хувиар ахиж, 30.2 тэрбум ам.долларт хүрснээр шинжээчдийн таамгийг давлаа.

Хятадын технологийн “Lenovo” групп санхүүгийн хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулж, нийт орлого нь өмнөх оны мөн үеэс 48 хувиар өсөн 30.2 тэрбум ам.долларт хүрснийг мэдээллээ. Энэхүү дүн нь “LSEG”-ээс зургаан шинжээчийн дунд явуулсан судалгааны дундаж таамаг болох 27.6 тэрбум ам.доллароос 2.6 тэрбум ам.доллароор давсан үзүүлэлт юм.
Орлогын огцом өсөлтөд хиймэл оюуны дэд бүтэц болон техник хангамжийн борлуулалт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, хиймэл оюунтай холбоотой нийт орлого 79 хувиар нэмэгдэж, 10.8 тэрбум ам.долларт хүрсэн нь группийн нийт орлогын 36 хувийг дангаар бүрдүүлжээ.
Салбар нэгжүүдийн гүйцэтгэлийг авч үзвэл, сервер, дата төвийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг нэгжийн орлого жилийн дүнгээр 178 хувиар өсөн, 11.3 тэрбум ам.долларт хүрснээр түүхэн дээд түвшнийг тогтоолоо.
харин компанийн нийт орлогын 60 орчим хувийг бүрдүүлдэг суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг гар утасны борлуулалт мөн 15 хувиар өссөн байна.
Ашигт ажиллагааны үзүүлэлт нь бүртгэлийн стандартаас хамааран хоёр өөр дүнгээр гарчээ. Хонконгийн санхүүгийн тайлагналын стандартын дагуу “Lenovo” тайлант хугацаанд 640 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеийн 340 сая ам.долларын цэвэр ашгаас буурсан үзүүлэлт болов.
Гэсэн хэдий ч Саудын Арабын үйлдвэрлэл, технологийн “Alat” компанитай байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд гаргасан варант болон хөрвөх бондтой холбоотой мөнгөн бус нягтлан бодох бүртгэлийн бичилтүүдийг хасаж тооцсон тохируулсан цэвэр ашиг нь 166 хувиар ахиж, 1.4 тэрбум ам.долларт хүрснийг компани онцолсон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





