Шинжээчид "Walmart"-ийн орлого гуравдугаар улиралд $187.27 тэрбум хүрнэ хэмээн таамаглаж байна
АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани баярын улирлын худалдааны өмнө буюу өнөөдөр санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа танилцуулах товтой байна.

АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани хэрэглэгчдийн худалдан авах чадвар суларсан үед хямд үнийн бодлого баримталж, баярын улирлын худалдаанд бэлтгэж буй энэ үед буюу пүрэв гарагт санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа танилцуулахаар төлөвлөж байна.
Санхүүгийн мэдээллийн “LSEG” байгууллагаас шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар “Walmart” компанийн гуравдугаар улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг 64 цент, нийт орлого 187.27 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Компанийн зүгээс өмнө нь гуравдугаар улирлын цэвэр борлуулалт 3-3.75 хувиар өснө гэж тооцоолж байгаагаа мэдэгдэж байсан юм. Мөн тус компанийн хувьцааны ханш он гарсаар хэлбэлзэлтэй байсан ч оны эхнээс ойролцоогоор 13 хувиар өсөөд байна.
Үнийн хямдрал ба шинэ үйлчилгээнүүд
Сүүлийн хэдэн улирлын турш барааны үнийг бууруулсан, хүргэлтийн үйлчилгээг сайжруулсан болон сурталчилгааны бизнесээс олох орлого нэмэгдсэн зэрэг нь “Walmart”-д тогтвортой өсөлт авчирчээ. Түүнчлэн өндөр орлоготой хэрэглэгчдийг татах зорилгоор “Walmart+” гишүүнчлэлийн хөтөлбөртөө илүү анхаарал хандуулж байна.
Өнгөрсөн улиралд тус компани үхрийн мах зэрэг хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулснаа зарласан бөгөөд татварын буцаан олголтоос орсон орлогыг үнэ хямдруулахад зарцуулна гэдгийг Санхүү эрхэлсэн захирал Жон Дэвид Рэйни “CNBC” сувагт өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Үүнээс гадна өнгөрсөн аравдугаар сард “Walmart” нь өөрийн охин компани болох “Sam’s Club”-тай хамтарсан гишүүнчлэлийн багц гаргахаа зарласан юм.
Мөн дэлгүүрүүддээ гар утасны аппликейшнтэй холбогддог дижитал тавиурын шошго зэрэг технологийг нэвтрүүлж эхэлжээ. Гэвч эдгээр дижитал шошго болон хиймэл оюун ашиглах болсон нь тус компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, эрэлтэд тулгуурлан үнэ өөрчлөх гэж байна гэх болгоомжлолыг төрүүлсэн ч “Walmart” үүнийг үгүйсгэсэн байна.
Шинжээчдийн хүлээлт
Швейцарын “UBS” банкны шинжээчид өнгөрсөн долоо хоногт гаргасан дүгнэлтдээ “Walmart”-ын гуравдугаар улирлын тайлан зах зээлийн эзлэх хувь нь эрүүлээр өссөнийг харуулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэд “Цахим худалдааны цар хүрээ тэлж, өндөр ашигтай орлогын шинэ сувгууд үргэлжлүүлэн өсөж байгаа нь тус компанид үйл ажиллагааны ашгаа хадгалахын зэрэгцээ үнэ болон үйлчилгээний тав тухыг сайжруулахад хөрөнгө оруулах боломжийг олгож байна” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн дөрөвдүгээр улирлын төлөвтөө үйл ажиллагааны ашгийн өндөр өсөлтийг тусгана гэж таамаглажээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





