“Шинэ цагийн малчин” аян: Малчдын орлого, малын ашиг шимийг нэмэгдүүлэх үү?
Аяны хүрээнд 2026–2027 онд малчдад малын тэжээлийн дэмжлэг үзүүлж, өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд “Шинэ цагийн малчин” аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Тус аян мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого болон амьдралын чанарыг сайжруулна гэж албаныхан онцоллоо.
Аяны нэгдүгээр үе шат 2026–2027 онд хэрэгжих бөгөөд малчдыг өвөлжилт, хаваржилтын эрсдэлээс хамгаалахад анхаарах аж. Энэ хүрээнд малын тэжээлийн дэмжлэг үзүүлэх, тэжээлийг зохистой хэрэглэх талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөжээ.
Мөн цаг агаарын хүндрэл, байгалийн гамшиг зэрэг эрсдэлийн үед мэдээлэл шуурхай солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор хөдөө орон нутаг дахь интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Харин хоёрдугаар үе шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж болон амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аяны үр дүнд малчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих, инфляцыг бууруулах, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах зорилт тавьсан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





