Нийслэлийн төсөв: 600 тэрбум төгрөгөөр танаж 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөжээ
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцсон нь өмнөх оноос 600 орчим тэрбум төгрөгөөр бага байна.

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцож, агаарын бохирдол, замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж болон засаглалын шинэчлэлд хөрөнгө оруулалтаа төвлөрүүлэхээр болжээ.
Хуулийн дагуу нийслэлийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барих үеэрээ төсвийн орлого өмнөх оноос 600 орчим тэрбум төгрөгөөр буурч байгааг мэдээлэв. Энэ нь өмнөх оны төсөвт тооцсон орлоготой харьцуулахад ойролцоогоор 11.5 хувиар бага үзүүлэлт юм.
Орлого буурах хэдий ч нийслэлийн удирдлагууд хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхээр зорьж буйгаа тайлбарлажээ.
1,000 орчим орон тоог цөөлж, цалингийн зардлыг дахин хуваарилна
Төсвийн төслийн хүрээнд нийслэлийн байгууллагуудын үр ашиггүй гэж үзсэн 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөжээ.
Хэмнэсэн хөрөнгийг ажлын ачаалал ихтэй албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах эрх мэдлийг дүүрэг, хороодод түлхүү шилжүүлэхээр тусгасан нь орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийслэлд өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 93 хувийг хотын төсвөөс, үлдсэн долоон хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлж байсан бол 2027 онд энэ харьцааг 90:10 болгон өөрчилж, төсвөөс бусад эх үүсвэрийн оролцоог гурван нэгж хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлоготой холбоотой аж.
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэл цаашид хувийн хэвшилтэй хамтран хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бизнесүүдийн ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгджээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





