Хиймэл оюуны эрэлт Тайванийн эдийн засгийг хоёр оронтой өсөлт рүү хөтөлж байна
Тайванийн статистикийн хороо энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө тавдугаар сард дэвшүүлсэн 9.64 хувийн таамгаас 1.41 хувиар нэмэгдүүлэн 11.05 хувьд хүргэлээ. Тус өсөлтөд хиймэл оюуны технологийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл болон экспорт эрчимжсэн нь голлон нөлөөлжээ. Гэсэн хэдий ч энэ оны өндөр өсөлтийг урт хугацаанд тогтвортой үргэлжлэх "хэвийн түвшин" гэж үзэхэд эрт байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Тайванийн статистикийн хороо баасан гарагт энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө тавдугаар сард дэвшүүлсэн 9.64 хувийн таамгаас 1.41 хувиар нэмэгдүүлэн 11.05 хувьд хүргэлээ. Тус өсөлтөд хиймэл оюуны технологийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл болон экспорт эрчимжсэн нь голлон нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч энэ оны өндөр өсөлтийг урт хугацаанд тогтвортой үргэлжлэх "хэвийн түвшин" гэж үзэхэд эрт байгааг эдийн засагчид анхааруулж байна. Тодруулбал, санхүүгийн үйлчилгээний "Maybank" группийн валютын стратегийн албаны дарга Сактианди Супаат энэ удаагийн "онцгой" өндөр өсөлтийг ирэх жилүүдэд ч үргэлжилнэ хэмээн тооцохоос болгоомжлох хэрэгтэй гэж үзэж буй.
Учир нь Тайванийн эдийн засгийн өсөлт хагас дамжуулагч болон технологийн экспортод голчлон түшиглэдэг ба дэлхийн зах зээлд гарах өөрчлөлт богино хугацаанд өргөн хүрээнд нөлөөлөх боломжтой юм.
Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын "Tiger Fund Manegement" компанийн Жереми Тан ижил байр суурь илэрхийлж, хиймэл оюунтай холбоотой эрэлтийн үр өгөөж бусад салбар болон өрхийн эдийн засагтижил түвшинд тусахгүй байж болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Хиймэл оюуны өсөлтийн цаана санхүүжилтийн эрсдэл бий
Тайванийн эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь дэлхийн санхүүгийн нөхцөл байдал юм. Тодруулбал, эдийн засгийн судалгааны "BMI" байгууллагын Каролин Вонгийн үзэж буйгаар дэлхийн хэмжээнд хүү өсч, санхүүжилт авах нөхцөл хүндэрвэл хувьцааны зах зээлийн уналт гүнзгийрч, улмаар банк бус байгууллагуудаас компаниудад шууд санхүүжилт олгодог зээл хумигдах эрсдэлтэй байгаа юм.
Энэ эрсдэл Тайванийн хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь хиймэл оюуны салбарт төвлөрсөн хөрөнгө оруулалтын мөчлөг үргэлжлэх тусам тус улсын чип үйлдвэрлэгчид болон нийлүүлэлтийн сүлжээ ашиг хүртдэг бол санхүүжилт саарахад нөхцөл байдал өөрөөр эргэдэг аж.
Түүнчлэн Судалгаа, шинжилгээний “Economist Intelligence Unit” байгууллагын Ник Марро хиймэл оюуны өсөлтөөс бий болсон үр өгөөж Тайванийн эдийн засаг даяар "жигд тархахгүй" байгааг онцолжээ. Тиймээс өнөөгийн өндөр өсөлт нь эдийн засгийн бүтцийн хувьд хэр тогтвортой вэ гэсэн асуулт хэвээр байна.
Харин санхүүгийн үйлчилгээний “UOB” банкны Ху Вэй Чэнь Тайвань урт хугацаанд өндөр өсөлтөө хадгалахын тулд судалгаа, хөгжүүлэлт, мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт үйлдвэрлэл болон шинэ үеийн технологид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





