Иран бензиний өндөр хэрэглээний тарифыг хоёр дахин нэмэгдүүлнэ
Ираны Засгийн газар сарын өндөр хэрэглээнд ногдох бензиний тарифыг есдүгээр сарын 8-наас хоёр дахин өсгөнө. Эхний 110 литрт үйлчлэх хөнгөлөлттэй тариф хэвээр үлдэнэ. Түүнээс дээш хэрэглээнд литр тутмын үнэ 10,000 туман буюу ойролцоогоор 4.5 цент болно.

Газрын тосны томоохон нөөцтэй Иран улс иргэддээ олгодог татаасын ачаар дэлхийн хамгийн хямд бензин хэрэглэдэг зах зээлүүдийн нэг хэвээр байна. Гэвч Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас газрын тос боловсруулах хүчин чадал нь сүүлийн жилүүдэд хумигдаж, дотоодын шатахууны эрэлтийг бүрэн хангахад хүндрэл үүсчээ.
Тегераны эрх баригчид ням гарагт бензиний гурван шатлалт квотын системдээ өөрчлөлт оруулж, өндөр хэрэглээнд үйлчлэх тарифыг нэмэгдүүлэхээ мэдэгдэв.
Одоогийн тогтолцоогоор иргэн сард худалдан авсан эхний 60 литр бензинд литр тутамд 1,500 туман, дараагийн 50 литрт 3,000 туман төлдөг. Харин 110 литрээс давсан хэрэглээнд ногдох тариф литр тутамд 5,000 туман байсныг есдүгээр сарын 8-наас 10,000 туман болгож хоёр дахин нэмэгдүүлнэ.
Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатеме Мохажерани шинэ тарифыг 10,000 туманаар тогтоосныг мэдэгдэж, салбарын мэргэжилтнүүд өөр өөр санал гаргасан ч Ерөнхийлөгч иргэдэд өгсөн амлалтынхаа хүрээнд уг түвшнийг сонгосон гэж тайлбарлажээ. Эхний болон хоёр дахь шатлалын хөнгөлөлттэй тариф өөрчлөгдөхгүй.
Бензиний үнэ Иранд улс төр, нийгмийн хувьд эмзэг асуудалд тооцогддог. Өргөн хүрээтэй татаасын тогтолцоо нь шатахууны үнийг олон улсын түвшнээс үлэмж доогуур барьдаг ч өндөр хэрэглээ болон боловсруулах хүчин чадлын хязгаарлалт нь Засгийн газрын зардлыг нэмэгдүүлж байна.
Үүний зэрэгцээ Ираны риалын ханш огцом суларчээ. Ням гарагийн байдлаар хар зах дээр нэг ам.доллар 2.2 сая гаруй риалтай тэнцэж байсан бол Ираны дайн эхлэхээс өмнө буюу хоёрдугаар сарын 28-нд 1.7 сая орчим риал байв.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард Ираны эсрэг эдийн засгийн томоохон шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа зарласан. Цаашид хориг арга хэмжээ нэмэгдэж, риалын ханш үргэлжлэн сулрах тохиолдолд шатахууны импорт болон татаасын санхүүжилтийн өртөг өсөх эрсдэлтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





