Монголын зэсийн үйлдвэрлэл өсөлтийн мөчлөгтөө дөхөж байна: Чилийн зэс олборлох туршлагаас монголчууд юу тусгах вэ?
Дэлхийн зэс олборлолтын гол тоглогч Чили боловсруулах шатанд эзлэх байр сууриа сүүлийн хэдэн арван жилд мэдэгдэхүйц алджээ. Тус хайлуулсан зэсийн дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь нь 1990 оны 13.3 хувиас 4.2 хувь болж буурав. Монголчууд боловсруулах салбараа зөв байгуулж чадвал зэсийн "үнэ цэнийн сүлжээ"-нд дэвших боломжтой.

Дэлхийн зэс олборлолтын гол тоглогч Чили боловсруулах шатанд эзлэх байр сууриа сүүлийн хэдэн арван жилд мэдэгдэхүйц алджээ. Тус улс өнгөрсөн онд дэлхийн зэсийн баяжмалын 23 орчим хувийг үйлдвэрлэсэн ч хайлуулсан зэсийн дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь нь 1990 оны 13.3 хувиас 4.2 хувь болж буурсан байна.
Латин Америкт зэс хайлуулах хамгийн их хүчин чадалтай Чили жилд 5.44 сая тонн зэсийн баяжмал боловсруулах боломжтой ч хүчин чадлынхаа 60 орчим хувийг л ашиглаж байгаа гэж тус улсын төрийн өмчит зэсийн компани “Cochilco” мэдээлжээ. Үйлдвэрүүдийн тасралтгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, бодит боловсруулалтын хэмжээ сул байгаа нь олборлолтоос бий болох нэмүү өртгийн илүү бага хэсгийг дотооддоо үлдээж байна.
Хайлуулах үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа муудав
Зэсийн баяжмал боловсруулах үйлчилгээний төлбөр болох TC/RC буюу хайлуулах, цэвэршүүлэх хураамжийн спот түвшин тэг орчимд, зарим үед сөрөг утгад хүрсэн нь салбарын санхүүгийн тооцоог улам хүндрүүлжээ. TC/RC нь уурхайгаас нийлүүлсэн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэхийн төлөө боловсруулах үйлдвэрүүдийн авдаг үндсэн төлбөр юм. Уг төлбөр буурах тусам хайлуулах үйлдвэрүүдийн орлого багасдаг тул шинэ хүчин чадал байгуулах болон одоо байгаа үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах сонирхол сулрах эрсдэлтэй. “Cochilco”-гийн мэдээлснээр хүдэр дэх зэсийн агуулга буурч, шинэ төслүүд саатахын зэрэгцээ уурхайн ажиллагааны доголдол баяжмалын нийлүүлэлтийг хязгаарлаж байна. Нөгөө талд цахилгаанжуулалт болон эрчим хүчний шилжилттэй холбоотой зэсийн эрэлт нэмэгдэж буй нь баяжмалын төлөөх өрсөлдөөнийг улам эрчимжүүлжээ.
Хятадаас хамаарах экспортын бүтэц
Чилийн зэсийн баяжмалын экспортын ойролцоогоор хоёрны гурав нь Хятад руу нийлүүлэгддэг. Дотоодын хайлуулах үйлдвэрлэл суларсан нөхцөлд Чилийн орлого Хятадын эрэлт, аж үйлдвэрийн бодлого болон худалдааны нөхцөлөөс илүү их хамаарахаар болж байна. Баяжмалыг дотооддоо боловсруулах хэмжээ бага байх тусам үнэ тохиролцох чадвар, технологийн стандарт болон худалдан авалтын мөчлөгт гадаад зах зээлийн нөлөө нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс хайлуулах салбарын асуудал нь экспортын чиглэлээс гадна Чилийн аж үйлдвэрийн бодлогын сорилт болжээ.
Одоогоор Чилид төрийн өмчит зэсийн “Codelco” компанийн “Caletones”, “Chuquicamata”, “Potrerillos”, Швейцарын түүхий эдийн “Glencore” компанийн “Altonorte”, уул уурхайн “Anglo American” компанийн “Chagres” гэсэн таван том хайлуулах үйлдвэр ажилладаг. “Codelco” болон “Glencore” шинэ хайлуулах үйлдвэр байгуулах боломжийг хамтран судалж байгаа бол төрийн өмчит уул уурхайн “ENAMI” компани хуучирсан үйлдвэрээ шинэчлэхээр төлөвлөжээ.
Гэхдээ “Cochilco” шинэ хүчин чадал нэмэхээс өмнө одоо байгаа үйлдвэрүүдийн тасралтгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, боловсруулалтын хэмжээг сэргээх нь нэн тэргүүний боломж гэж үзэж байна. Тус комиссын онцолсноор Чилид хайлуулах хүчин чадал нэмэх аливаа төсөл техникийн, эдийн засгийн, байгаль орчны болон үйл ажиллагааны хувьд хэрэгжихүйц байх шаардлагатай.
Азид шинэ хүчин чадал төвлөрнө
Дэлхий даяар хэлэлцэгдэж буй зэс хайлуулах төслүүд бүрэн хэрэгжвэл 2041 он гэхэд жилд 8.2 сая тонн цэвэршүүлсэн зэстэй тэнцэх шинэ хүчин чадал нэмэгдэхээр байгааг “Cochilco” тооцжээ. Шинэ үйлдвэрүүдийн дийлэнх нь Азид төвлөрөх төлөвтэй байна.
Тиймээс Чили олборлолтоор тэргүүлэх байр сууриа хадгалсан ч зэсийн үнэ цэнийн сүлжээний боловсруулах шатанд өрсөлдөх чадвараа сэргээх шаардлага улам тодорч байна.
Нийлүүлэлтийн тогтвортой байдал ч сорилт хэвээр байна. Чилийн Төв банкны мэдээллээр өвлийн хүчтэй шуурга болон уурхайн ажиллагааны саатлын улмаас наймдугаар сард зэсийн тээвэрлэлт сүүлийн нэг жил гаруйн хугацааны хамгийн доод түвшинд хүрчээ.
Үүний зэрэгцээ зэсийн ханш “Chicago Mercantile Exchange”-ийн есдүгээр сарын 8-ны арилжаагаар ойрын сарын гэрээнд фунт тутамд 6.78 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол лхагва гарагийн өглөө 6.70 ам.доллар орчимд арилжаалагдав.
Өндөр ханш нь эрэлт хүчтэй хэвээр байгааг харуулж байгаа ч уурхайн нийлүүлэлтийн тасалдал, хайлуулах хүчин чадлын хязгаарлалт нь дэлхийн зэсийн зах зээлийн тогтвортой байдалд гол эрсдэлийн нэг хэвээр үлдэж байна.
Энэ бүхэн Монголын зэсийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
Монгол Улс Чили шиг олон арван жилийн турш зэсийн олборлолтын асар том хэмжээтэй мөртлөө боловсруулах шатандаа байр сууриа алдсан улс биш юм. Харин зэсийн олборлолт эрчимтэй өсөхийн өмнөх үедээ боловсруулах салбараа зөв байгуулж чадвал үнэ цэнийн сүлжээнд ахих боломжтойг судалгаанууд харуулдаг.
Тухайлбал, Оюу Толгойн өсөлтийг дагуулж хайлуулах, цэвэршүүлэх салбарыг хөгжүүлэх нь түүхий эдийн нийлүүлэлт цаашид мэдэгдэхүйц өсөх төлөвтэй нягт холбогдоно. “Оюу Толгой” 2028-аас 2036 онд жилд дунджаар 500 мянга орчим тонн зэс үйлдвэрлэх түвшинд хүрэх төлөвтэй бөгөөд үүн дээр “Эрдэнэт”, цаашлаад Цагаан суварга, Хармагтай зэрэг төслүүд нэмэгдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл Монгол Улс эхлээд үйлдвэр бариад дараа нь түүхий эд хайх бус, өсөж буй зэсийн үйлдвэрлэл дээр боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой.
Чилийн туршлагаас харахад “хайлуулах үйлдвэртэй байх” болон “өрсөлдөх чадвартай хайлуулах үйлдвэртэй байх” хоёр өөр асуудал аж.
Монголын хувьд үйлдвэрийн нэрлэсэн хүчин чадлыг улс төрийн зорилго болгохоос илүү тасралтгүй ажиллагаа, эрчим хүчний найдвартай нийлүүлэлт, усны эх үүсвэр, хүхрийн давхар исэл зэрэг дайвар бүтээгдэхүүний менежмент, засвар үйлчилгээ,баяжмалын урт хугацааны нийлүүлэлт гэсэн үзүүлэлтээр төслийн эдийн засгийг тооцох шаардлагатай.
Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч сонгох ажлыг эхлүүлсэн. 20 гаруй улсын 55 компанид мэдээлэл хүргүүлснээс долоон улсын 13 компани сонирхлоо илэрхийлж, БНХАУ-ын “NFC”, “Jiangxi Copper” болон бусад компаниас бүрдсэн консорциум, Швейцарын “Glencore” дараагийн шатанд шалгарсан байна. Энд хамгийн том боломж нь зөвхөн катодын зэс үйлдвэрлэхэд биш. Харин баяжмал, хайлуулалт, катодын зэс, зэс утас, кабель, цахилгаан тоноглол гэсэн дараагийн шатны үйлдвэрлэлийг Эрдэнэт орчимд төвлөрүүлбэл жинхэнэ кластер үүсэх боломжтой.
Чили дэлхийн зэсийн баяжмалын 23 орчим хувийг үйлдвэрлэдэг атлаа хайлуулсан зэсийн дэлхийн үйлдвэрлэлд эзлэх байр суурь нь хэдэн арван жилийн хугацаанд эрс буурсан. Харин Монголын зэсийн үйлдвэрлэл харин одоо том өсөлтийн мөчлөг рүү орж байна.
Тиймээс Монголд ойрын жилүүдэд гурван сонголт тулгарч байна.
- Баяжмалын экспортоо нэмэгдүүлэх: Энэ нь хөрөнгө оруулалт бага, хэрэгжүүлэхэд хялбар боловч нэмүү өртгийн ихэнх нь гадаадад үлдэнэ гэсэн үг.
- Хайлуулах томоохон үйлдвэр байгуулах: Нэмүү өртөг дотоодод нэмэгдэх боломжтой боловч эрчим хүч, ус, байгаль орчин, үйлдвэрийн ашиглалтын эрсдэл өндөр.
- Хайлуулах үйлдвэр болон катодын зэс, кластер байгуулах: Хөрөнгө оруулалт, технологийн шаардлага, Монголд үлдэх эдийн засгийн өгөөж өсөх ач холбогдолтой.
Монгол Улс зөвхөн зэс хайлуулах уу? Эсвэл зэсийн үнэ цэнийн сүлжээний аль шатанд хамгийн их өгөөж авахаа тодорхойлон урагшлах уу?
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна