NBA-ийн од Леброн Жэймс “Polymarket”-тай түншлэлээ эхлүүлэхээр зэхэж байна
NBA-ийн од Леброн Жэймс таамаглалын зах зээлийн “Polymarket” платформтой хамтран ажиллахаа олон нийтийн сүлжээгээр зарлалаа. Хамтын ажиллагааны нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулах төлөвтэй байна. Спортын үр дүн зэрэг ирээдүйн үйл явдалд суурилсан гэрээг арилжаалах боломж олгодог таамаглалын платформууд тамирчид, баг, лигүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж байна.

NBA-ийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч Леброн Жэймс таамаглалын зах зээлийн “Polymarket” платформтой хамтын ажиллагаа эхлүүлэхээр зэхэж буйгаа бямба гарагт мэдэгдлээ.
Жэймс “X” платформд 14 секундийн бичлэг нийтэлж, “Polymarket”-ийн төв оффист ирж буйгаар дүрслэгдсэн байна. Тэрбээр бичлэгийн тайлбартаа “Polymarket”-тай хамтын ажиллагаа удахгүй эхэлнэ гэжээ.
Уг хамтын ажиллагаа нь америк хөлбөмбөгт төвлөрсөн илүү өргөн сурталчилгааны кампанит ажлын эхлэл болохыг асуудлыг мэдэх эх сурвалж CNBC-д мэдээлсэн байна. Олон нийтэд мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр нэмэлт мэдээллийг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөжээ.
Жэймс болон “Polymarket”-ийн хооронд байгуулсан гэрээний санхүүгийн нөхцөл одоогоор ил болоогүй. NBA-ийн дүрмээр тоглогчид тус лигтэй холбоотой бооцоо болон түүнтэй төстэй бүтээгдэхүүн санал болгодог компанид санхүүгийн ашиг сонирхол эзэмшихэд тодорхой хязгаарлалт үйлчилдэг бөгөөд үүнд хувь эзэмшихтэй холбоотой зохицуулалт багтдаг.
Таамаглалын зах зээл нь спортын тэмцээний үр дүн зэрэг ирээдүйд тодорхой үйл явдал болох эсэхтэй холбоотой гэрээг хэрэглэгчдэд арилжаалах боломж олгодог.
Жэймс ийм платформтой хамтарсан анхны томоохон тамирчин биш юм. Тухайлбал, Ээнэ оны эхээр “Miami Heat”-ийн од Яннис Адетокунбо таамаглалын зах зээлийн “Kalshi” компанийн хувьцаа эзэмшигч болж, маркетинг болон шууд арга хэмжээнд оролцохоор тохиролцжээ. “Kalshi”-ийн мэдээлснээр түүний эзэмшил идэвхгүй бөгөөд NBA-тай холбоотой зах зээлд арилжаа хийхийг компанийн дүрмээр хориглодог.
“Polymarket” ч спортын салбар дахь түншлэлээ өргөжүүлж, АНУ-ын хөлбөмбөгийн “Major League Soccer”, бейсболын “Major League Baseball”, хоккейн “National Hockey League” зэрэг томоохон лигүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн “New York Yankees”, “New York Rangers” зэрэг мэргэжлийн багуудтай түншлэл байгуулжээ.
Тус компани намрын спортын идэвхтэй улирлын өмнө маркетингийн үйл ажиллагаагаа шинэ удирдлагын дор өөрчилж байгаа талаар CNBC өмнө нь мэдээлсэн. “Polymarket” саяхан “Uber Technologies”, “Lyft”-д ажиллаж байсан бөгөөд цахилгаан скүүтерийн “Bird” стартапыг үүсгэн байгуулсан Трэвис Вандерзанденыг өсөлт хариуцсан захирлаар томилсон бөгөөд тэрбээр компанийн маркетингийн үйл ажиллагааг удирдах төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





