Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

Эрчим хүчний салбарын компаниуд 2026-аас 2027 оны өвлийн бэлтгэлийн хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөх нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ онд Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 536,196 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулахаар төлөвлөжээ.
Төлөвлөгөөт урсгал засварын хүрээнд 3,323 дэд станц, шугам болон тоноглолд хийх ажлын гүйцэтгэл 99 хувьд хүрсэн байна. Харин их засвар, техникийн зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд төлөвлөсөн 120 нэр төрлийн 172 багц ажлын гүйцэтгэл одоогоор 60 хувьтай байна.
Компанийн мэдээлснээр нийт засварын ажлыг аравдугаар сард багтаан бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Мөн 2025-аас 2026 оны өвөл Налайхын 110/35/10 кВ-ын дэд станцаас тэжээгддэг 35 кВ-ын Баянзүрх-А цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал 93 хувьд хүрч, сүлжээний ажиллагаа хүндрэх нөхцөл үүссэн байна.
Иймээс тус шугамыг хоёр хэлхээтэй болгон өргөтгөж, ачааллыг хуваарилах ажлыг хэрэгжүүлж байна. Төслийн ажил дууссанаар Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачуурт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал сайжрах боломжтой гэж тооцоолжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





