Оддын дайны эрин үе айсуй: АНУ болон БНХАУ сансарт шинэ төрлийн цэргийн систем хөгжүүлж байна
Хятадын нисгэгчгүй сансрын онгоц тойрог замд жижиг хиймэл дагуул байршуулж, өөр нэг Хятадын хиймэл дагуулыг тойрон маневр хийсэн нь сансрын ажиллагаа улам идэвхтэй шинжтэй болж буйг харууллаа. Хятад хиймэл дагуул мөрдөх, барьж авах, тойрог замд түлш цэнэглэх технологи хөгжүүлж байгаа бол АНУ холбоотнуудтайгаа хамтарсан ажиллагаа болон сансрын эсрэг системүүдээ өргөжүүлж байна. Харилцаа холбоо, навигаци, тагнуул, пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд хиймэл дагуулаас улам хамаарах болсон тул сансрын дэд бүтцийн доголдол дэлхий дээрх цэргийн ажиллагаанд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

АНУ болон Хятадын стратегийн өрсөлдөөн дэлхийн тойрог замд шинэ шатанд орж байна. Тодруулбал, хоёр улс хиймэл дагуулыг зөвхөн холбоо, навигаци, тагнуулын хэрэгсэл бус, шаардлагатай үед маневр хийх, бусад сансрын төхөөрөмжид ойртох, ажиллагааг нь тасалдуулах боломжтой "цэргийн систем" гэж үзэх болжээ.
“Reuters” агентлагийн баримт бичиг, сансрын хөдөлгөөний мэдээлэл болон одоо ажиллаж буй, өмнө нь ажиллаж байсан цэргийн албан тушаалтнуудтай хийсэн ярилцлагад тулгуурласан судалгаагаар Хятад улс бусад сансрын төхөөрөмжийг мөрдөх, барьж авах технологиос эхлээд тойрог замд түлшний нөөцийг нэмэгдүүлэх систем хүртэл хөгжүүлж байна.
Хятадын сансрын онгоцны нууцлаг ажиллагаа
Зургадугаар сард Хятадын нисгэгчгүй сансрын онгоц дэлхийгээс хэдэн зуун километрийн өндөрт жижиг хиймэл дагуул хөөрүүлжээ. Арилжааны болон цэргийн олон хиймэл дагуул байрладаг уг бүсийн хөдөлгөөнийг АНУ-ын “LeoLabs” компани ажиглахад жижиг төхөөрөмж өөр нэг Хятадын хиймэл дагуулыг тойрон ниссэний дараа сансрын онгоц руу буцаж ойртсон байна.
Уг төхөөрөмж болон ажиллагааны зорилго одоогоор тодорхойгүй байгаа юм. Хятадын Гадаад хэргийн яам сансрын онгоцны талаар мэдээлэлгүй гэж мэдэгдсэн бол төрийн “Xinhua” агентлаг уг хөлгийг сансрыг энхийн зорилгоор ашиглахад чиглэсэн туршилтын төхөөрөмж хэмээн тодорхойлжээ.
АНУ ч мөн нисгэгчгүй, жижиг шаттлтай ижил төрлийн нууцлал өндөртэй сансрын онгоц ажиллуулдаг. АНУ-ын Сансрын хүчин өөрийн хөлгийг төрөл бүрийн туршилт, судалгаанд ашиглаж буйгаа мэдэгдсэн байна.
АНУ-ын Сансрын хүчний командлагч генерал Чанс Салтзман долдугаар сард Хятад улс газрын болон сансарт байрлах, байг устгах эсвэл ажиллагааг нь тасалдуулах чадвартай системүүдийг хурдацтай хөгжүүлж байгааг онцолжээ.
Хиймэл дагуулууд “идэвхтэй” систем болж байна
Украин болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөнүүд орчин үеийн цэрэг арми хиймэл дагуулын холбоо, чиглүүлэг, тандалт болон тагнуулын мэдээллээс хэр их хамаардагийг харуулсан.
Өмнө нь хиймэл дагуулууд тойрог замдаа харьцангуй тогтвортой ажилладаг төхөөрөмж байсан бол одоо тэдгээрийг цэргийн төлөвлөлтөд маневр хийх чадвартай систем гэж үзэх хандлага нэмэгдэж байна. Хиймэл дагуулын ажиллагааг радио дохионы саатал, лазер, кибер халдлагаар тасалдуулахын зэрэгцээ өөр сансрын төхөөрөмжид ойртож шалгах, цаашлаад барьж авах технологи хөгжиж буйг “Reuters” мэдээлэв.
АНУ-ын Агаарын хүчний “Air War College”-ийн профессор асан Эверетт Долманы тайлбарласнаар АНУ-ын сансрын системүүд ажиллагаагүй болох нь тандалтаас эхлээд пуужингийн довтолгооноос хамгаалах хүртэл дэлхий дээрх цэргийн чадавхад ноцтой нөлөөлж болзошгүй юм.
Хятад өнгөрсөн онд дэлхийн тойрог замд хиймэл дагуул цэнэглэх туршилт хийсэн байж болзошгүйг АНУ-ын Сансрын хүчний зарим албан тушаалтан мэдээлжээ. Хиймэл дагуулууд ихэвчлэн хөөрөх үедээ авсан түлшээрээ ажиллах хугацаа нь хязгаарлагддаг тул тойрог замд дахин цэнэглэх чадвар нь төхөөрөмжийн ашиглалтын хугацаа болон маневр хийх боломжийг эрс нэмэгдүүлэх аж.
Хятадын хиймэл дагуулууд мөн АНУ-ын албаныхны “тойрог замын агаарын тулаан” гэж тодорхойлсон, хэд хэдэн төхөөрөмж ойр зайд уялдаа холбоотой маневр хийх ажиллагааг харуулсан. Түүнчлэн ажиллагаагүй болсон хиймэл дагуулыг барьж авч, өөр тойрог замд шилжүүлсэн тохиолдол бий.
АНУ холбоотнуудтайгаа сансарт хамтарч эхлэв
Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ болон Их Британи сансарт анхны хамтарсан цэргийн ажиллагаагаа явуулжээ. Колорадо дахь баазаас удирдсан АНУ-ын цэргийн хиймэл дагуул Их Британийн төхөөрөмжид ойртсон бөгөөд тухайн үед Хятадын “Shiyan 12-01” хиймэл дагуул тэдгээрээс 83 орчим километрийн зайтай өнгөрсөн гэж сансрын мэдээллийн “Slingshot Aerospace” компани тооцоолсон байна.
Цэргийн туршлагатай гурван сансрын шинжээч уг ажиллагааг Бээжинд холбоотнуудын хамтын ажиллагаа, техникийн чадавхыг харуулах стратегийн дохио байсан байж болзошгүй гэж “Reuters”-т тайлбарлажээ. Харин АНУ, Их Британийн албаныхан Хятадын хиймэл дагуултай ойр байсныг ажиллагааны зорилго байсан гэж мэдэгдээгүй.
Хятадын Гадаад хэргийн яам уг ажиллагааны нарийн мэдээллийг мэдэхгүй гэж хариулсан бөгөөд Бээжин сансрыг зэвсэгжүүлэхийг эсэргүүцэж, энхийн зорилгоор ашиглах байр суурьтайгаа дахин илэрхийлжээ. Мөн АНУ-ын “Golden Dome” пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөр болон сансарт зэвсэг байрлуулах боломжийг судалж буй ажиллагаа зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна гэж Вашингтоныг шүүмжилсэн байна.
Тойрог зам стратегийн шинэ талбар болов
Дэлхийн тойрог замд арилжааны болон улсын хиймэл дагуулын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь өрсөлдөөнийг улам төвөгтэй болгож байна. АНУ, Хятад, Орос бүгд бусад сансрын төхөөрөмжид ойртож, ажиглалт хийх чадвартай маневрлах хиймэл дагуул ажиллуулдаг.
АНУ-ын Сансрын командлалын тэргүүн генерал Стивен Уайтинг өрсөлдөгч орнууд мөргөлдөөний эхэн үед АНУ-ын сансрын системүүдийг онилох магадлалтай гэж удаа дараа анхааруулжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын бага хурлын үеэр АНУ сансарт мөргөлдөөн гарахад бэлэн байхаас гадна тогтоон барих бодлого бүтэлгүйтвэл дайсагнагч системүүдийн эсрэг ажиллагаа явуулах чадвартай байх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ зарим мэргэжилтэн хиймэл дагуулын ажиллагааг сансраас бус, газрын гадаргаас тасалдуулах нь одоогоор илүү хялбар хэвээр байгааг онцолдог. АНУ-ын Сансрын хүчин зургаадугаар сард батлан хамгаалах технологийн “L3Harris Technologies” компанийн бүтээсэн, өрсөлдөгчийн хиймэл дагуулын ажиллагааг цахилгаан соронзон долгионоор тасалдуулах газрын системийг ашиглалтад оруулснаа зарласан.
Хятадын “PLA Daily” сонин 2022 оны нийтлэлдээ сансрын орон зайд давуу байдал тогтоохыг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, стратегийн санаачилгыг авах, дайнд ялалт байгуулахад чухал гэж тодорхойлж байв. АНУ, Хятадын аль аль нь сансрын хөтөлбөрүүдийнхээ зарим хэсгийг нууцалсан хэвээр байгаа ч хиймэл дагуулуудын маневрлах чадвар, тойрог зам дахь хамтарсан ажиллагаа, шинэ төрлийн системүүдийн хөгжүүлэлт нь сансрын орон зай цэргийн стратегийн улам чухал хэсэг болж буйг харуулж байна.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.