ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлэхийг түр зогсоох бодлогоо хэвээр үлдээлээ
ОПЕК+ аравдугаар сарын олборлолтын бодлогоо өөрчлөлгүй үлдээжээ. Ирэх оны эхний улиралд нийлүүлэлтийн нэмэгдлээ түр зогсоох төлөвлөгөөгөө дахин баталгаажуулсан байна. Мэдэгдлийн дараа газрын тосны ханш даваа гарагийн арилжаагаар 1.5 хувь хүртэл өсчээ.

ОПЕК+ ням гарагт аравдугаар сарын олборлолтын бодлогоо хэвээр үлдээж, ирэх оны эхний улиралд олборлолтын нэмэгдлээ түр зогсоох төлөвлөгөөгөө дахин баталгаажууллаа. Reuters-ийн мэдээлснээр уг шийдвэрийн дараа газрын тосны ханш даваа гарагийн арилжаагаар 1.5 хувь хүртэл өсөв.
Бүлэг өнгөрсөн наймдугаар сард есдүгээр сарын олборлолтыг нэмэгдүүлэхээр тохирч, 2023 онд эхлүүлсэн өдөрт 1.65 сая баррелийн нийлүүлэлтийн таналтыг үе шаттай сулруулах өмнөх төлөвлөгөөгөө дуусгажээ. Үүний дараа шинэ нэмэгдлээ түр зогсоох чиглэл баримталж байгаа нь ойрын хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой хадгалах дохио болж байна.
Баасан гарагийн арилжааны хаалтаар Brent төрлийн газрын тосны ханш баррель тутамдаа 96.28 ам.доллар, АНУ-ын WTI газрын тос 91.48 ам.долларт хүрчээ. Долоо хоногийн дүнгээр Brent бараг 8 хувь, WTI 10 орчим хувиар өссөн байна.
Газрын тосны ханшийн өсөлтөд ОПЕК+-ийн бодлогоос гадна нийлүүлэлтийн тасалдал болон геополитикийн эрсдэл нөлөөлж байна. АНУ, Ираны хоорондын цэргийн мөргөлдөөн долоо дахь сардаа үргэлжилж байгаа бөгөөд АНУ-д дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн талаар мэдээлжээ. Ормузын хоолойгоор дамжих экспортын саатал үргэлжилбэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт болон тээвэрлэлтийн эрсдэл өндөр хэвээр үлдэх боломжтой.
ОПЕК+ одоогоор 21 гишүүн орны ихэнхэд хамаарах нэмэлт олборлолтын таналтыг 2026 оны эцэс хүртэл мөрдөж байна. Харин дараагийн томоохон хэлэлцүүлэг нь ирэх оны үйлдвэрлэлийн суурь түвшин болон квотын хуваарилалт байх төлөвтэй.
Бүлэг 2027 оны квотыг тогтоохоос өмнө гишүүн орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг дахин үнэлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудал зарим улсын хувьд маргаантай хэвээр байна. ОПЕК+ дараагийн уулзалтаа аравдугаар сарын 4-нд хийхээр товложээ.
Эрчим хүчний судалгааны “Rystad Energy” компанийн газрын тосны зах зээлийн шинжээч Хорхе Леон ОПЕК+-ийн бодит нийлүүлэлтэд нөлөөлөх боломж хязгаарлагдмал хэвээр байгааг онцлов. Түүний хэлснээр бүлэг олборлолтын зорилтоо өөрчилж болох ч тухайн хэмжээний газрын тос бодитоор олборлогдож, зах зээлд хүрнэ гэсэн баталгаа байхгүй.
Иймээс хөрөнгө оруулагчдын анхаарал богино хугацааны олборлолтын мэдэгдлээс гадна 2027 оны квотын хэлэлцээ, гишүүн орнуудын бодит үйлдвэрлэлийн хүчин чадал болон экспортын урсгалд төвлөрөх төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





