УИХ-ын Байнгын хороод төсвийн зарлагын өсөлтийн шинэ дүрмийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болов. Төсвийн хүрээний үндсэн үзүүлэлтээс суурь зарлага болон тэнцлийг хасч, нийт зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг шинээр оруулахаар төсөлд тусгажээ. Шинэ зохицуулалтаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаас гадна зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулахаар төлөвлөж байна.

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Есдүгээр сарын 16-ны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь төслийг цааш хэлэлцүүлэх санал өгсөн байна.
Хуулийн өөрчлөлт нь ирэх жилүүдийн төсөв төлөвлөлтөд ашиглах үндсэн хэмжүүрүүдийг шинэчлэхэд чиглэжээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн есөн үндсэн үзүүлэлтээс “нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ”, “нэгдсэн төсвийн суурь тэнцэл”-ийг хасч, оронд нь “нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ”-г оруулахаар тусгасан байна. УИХ-ын цахим санд нийт зарлагын өсөлт болон хөрөнгийн зардлыг "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуульд тусгай үзүүлэлт болгон нэмэхээр заажээ.
Зарлагын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулна
Төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл тухайн жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байхаар тусгасан байна.
Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс нь хэтрэхгүй байхаар зохицуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр төсвийн зарлагын өсөлтийн дээд хязгаарыг тухайн жилийн эдийн засгийн нөхцөл төдийгүй урт хугацааны өсөлтийн хандлагатай холбон тогтоох бүтэц бүрдэхээр байна.
Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг 2.65 их наяд төгрөг, хөрөнгийн зардлыг 8.41 их наяд төгрөгөөр тооцсон бол 2027 онд эдгээр үзүүлэлт 2.52 их наяд болон 8.96 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Хамтарсан байнгын хорооны дэмжлэг нь хуулийн төслийг эцэслэн баталсан гэсэн үг биш бөгөөд дараагийн шатанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв өөрчлөлт батлагдвал ирэх жилүүдийн төсвийн зарлагын өсөлт, хөрөнгө оруулалтын хэмжээ болон төсвийн алдагдлыг төлөвлөхөд ашиглах хуульчилсан хэмжүүрүүд шинэчлэгдэх юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





