12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, ил байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна
Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас ил задгай талбайд байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна. Мөн есдүгээр сарын 11-15-нд нутгийн зүүн болон төвийн зарим хэсгээр бороо орж, 12-13-нд зүүн аймгуудаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, ил задгай талбайд байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Энэ оны есдүгээр сарын 11-15-ны урьдчилсан төлөвөөр 11-нд Дархан, Сэлэнгийн ихэнх нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсэг болон Төв аймгийн зүүн хойд сумдаар бороо орно. Харин 12-нд Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сум, 13-нд Дорнодын зарим нутгаар бороо орох төлөвтэй байна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр байх бол 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж.
Харин Дархадын хотгор болон Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -1...-6 градус хүрч огцом хүйтрэхээр байна. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, бусад нутгийн ихэнх хэсгээр +3...+8 градус байх төлөвтэй буй.
Харин Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус дулаан байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх болон Хүрэнбэлчир орчмоор өдөртөө +14...+19 градус, бусад нутгийн ихэнх хэсгээр +19...+24 градус байна. Мөн Говийн бүсийн баруун өмнөд хэсгээр хамгийн дулаан буюу +25...+30 градус хүрэх төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





