АНУ-ын Конгресс ахмад настнуудаа санхүүгийн залилангаас хамгаалах хуулийн төслийг баталлаа
АНУ-ын Конгресс ахмад настан болон эмзэг бүлгийн иргэдийг санхүүгийн залилангаас хамгаалах хуулийн төслийг баталж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампад өргөн барихаар боллоо.

АНУ-ын Конгресс ахмад настан болон санхүүгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй иргэдийн хөрөнгийг хамгаалах “Financial Exploitation Prevention Act of 2025” хуулийн төслийг хоёр намын дэмжлэгтэйгээр баталжээ. Төлөөлөгчдийн танхим зургадугаар сард дэмжсэн уг төслийг Сенат санал нэгтэйгээр баталсан байна.
Хуулийн төсөл хэрэгжсэнээр хамтын хөрөнгө оруулалтын сангууд 65-аас дээш насны болон өөрийн эрх ашгийг хамгаалах боломж хязгаарлагдмал насанд хүрэгчдийн хөрөнгөө эргүүлэн татах хүсэлтэд залилангийн сэжигтэй тохиолдол илэрвэл төлбөрийг ажлын 15 хүртэл хоногоор хойшлуулах эрхтэй болох ажээ. Шаардлагатай тохиолдолд хугацааг дахин ажлын 10 хоногоор сунгах боломжтой.
Мөн уг хамгаалалтын зохицуулалтад хамрагдах сангууд харилцагчдаасаа сэжигтэй гүйлгээ илэрсэн үед холбоо барих итгэмжлэгдсэн хүний мэдээллийг авах хүсэлт тавих үүрэгтэй болохоор тусгажээ.
АНУ-ын Холбооны худалдааны комиссын мэдээлснээр 60-аас дээш насныхны залилангийн улмаас алдсан гэж мэдээлсэн хөрөнгө 2020 онд 600 сая ам.доллар байсан бол 2025 онд 3 тэрбум ам.долларт хүрч, тав дахин нэмэгджээ.
Түүнчлэн 2025 онд 100,000 ам.доллароос дээш хохирол амссан иргэд нийт хохирогчдын ердөө зургаан хувийг эзэл байгаа ч нийт хохирлын 70 хувь нь тэдэнд ногдсон байна.
Залилан үйлдэгчид банк, төрийн байгууллагын ажилтан мэт дүр эсгэн иргэдийг залилах нь нэмэгдэж байгаа бөгөөд хиймэл оюунаар бүтээсэн хуурамч контент ийм залиланг илрүүлэхэд улам хүндрэл учруулж байгааг Холбооны мөрдөх товчоо анхааруулсан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





