Японы суурь инфляц энэ оны дээд түвшинд хүрч, Төв банк бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдлээ
Эрчим хүчний өндөр өртөг бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөхийн зэрэгцээ өрхийн санхүүд хүндрэл учруулснаар Японы суурь инфляц аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.

Японы суурь инфляц аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өсч, энэ оны дээд түвшинд хүрлээ. Тус өсөлтөд эрчим хүчний өндөр өртөг бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөхийн зэрэгцээ өрхийн санхүүд хүндрэл учруулж байгаа нь голлон нөлөөлжээ. Гэхдээ суурь инфляц “Reuters” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын 2.3 хувийн таамгаас доогуур гарсан байна. Японы Засгийн газраас баасан гарагт нийтэлсэн мэдээллээр тус улсын нийт инфляц аравдугаар сард жилийн дүнгээр 2.3 хувь болж, өмнөх сараас 0.1 хувиар нэмэгджээ. Харин шинэ хүнс болон эрчим хүчний үнийг хасч тооцдог суурь-суурь инфляц 2.2 хувьд хүрч, өмнөх сараас 0.2 хувиар саарав.
Эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг эрчимжүүлжээ Ираны дайны улмаас эрчим хүчний өртөг өссөн энэ үед Японы Засгийн газраас өрхүүдэд олгож буй эрчим хүчний татаас хэрэгжих хугацаа есдүгээр сард дууссан нь хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлжээ. Есдүгээр сард 0.6 хувиар агшаад байсан эрчим хүчний үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өсөв. Харин шингэрүүлсэн байгалийн хийн үнэ 5.8 хувь болж өмнөх сараас 3.4 хувиар нэмэгдсэн бол түлш, цахилгаан, усны төлбөрийн өсөлт 0.8 хувиас 3.4 хувьд хүрчээ. Үнийн өсөлт өрхийн худалдан авах чадварыг сулруулж болзошгүй тул Японы Засгийн газар арванхоёрдугаар сараас эрчим хүчний татаасыг сэргээх шийдвэр гаргаад буй.
Бодлогын хүүг 1.5 хувьд хүргэх хүлээлт нэмэгдлээ Инфляцын шинэ тоон үзүүлэлтээс харахад Японы Төв банк арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөх мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг одоогийн 1.25 хувиас 1.5 хувь болгон нэмэгдүүлэх нь лавтай болж байна. Лондоны хөрөнгийн бирж группийн тооцооллоор зах зээл Төв банк бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэх магадлалыг 72 хувьтай үнэлж буй. Японы эдийн засаг гуравдугаар улиралд огцом агшсан ч Төв банк инфляцын суурь чиг хандлага, цалингийн өсөлтийг дараагийн бодлогын шийдвэртээ илүү чухалчлан үзэхээр байгааг “DBS Group Research”-ийн ахлах эдийн засагч Ма Тиин онцолж байв. Төв банкны ерөнхийлөгч Казүо Үэда ч мөн адил иений ханшийн сулрал, газрын тосны ханшийн хөөрөгдөл өрхийн бодит орлогыг бууруулж, хэрэглээг төсөөлснөөс илүү сааруулж болзошгүйг анхааруулж байлаа. Инфляцын мэдээлэл гарсны дараа Японы голлох Nikkei 225 индекс 2.1 хувиар буурч, Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж хоёр суурь нэгжээр бууран 2.805 хувьд хүрсэн байна. Харин иений ханш ялимгүй чангарч, нэг ам.доллар 159.59 иентэй дүйжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





