Багахангай дүүрэг болон Төв аймгийн гурван сумын цахилгааныг өнөөдөр 13 цаг тасална
Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын тосны битүүмжлэл алдагдаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа саатсан байна.

Нийслэлийн Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум болон төмөр замын VII зөрлөгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны 06:00–19:00 цагийн хооронд нийт 13 цаг таслахаар болжээ. Тодруулбал, дээрх бүс нутгийг цахилгаанаар хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл үүсчээ. Үүний улмаас тосны битүүмжлэл алдагдаж, трансформаторын тос их хэмжээгээр гоожсон байна.
Уг гэмтлийг арилгахгүйгээр тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн ашиглавал дотоод тусгаарлагч гэмтэх, богино залгаа үүсэх, улмаар трансформатор бүрэн ажиллагаанаас гарах өндөр эрсдэлтэйг холбогдох байгууллагаас анхааруулжээ.
Иймээс “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн мэргэжлийн бригад гэмтлийг арилгаж, 40 МВА чадалтай трансформаторыг нөөц трансформатораар солих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. НЗДТГ-аас хэрэглэгчдийг цахилгаан тасрах хугацаанд шаардлагатай арга хэмжээг урьдчилан авч, болзошгүй хүндрэлээс сэргийлэхийг зөвлөв.
Трансформаторыг солих нь цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цаашид илүү өргөн хүрээний тасалдал үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





