Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дөрвөн чиглэлд үйлчилж байна
Нийслэлийн нийтийн тээврийн ачаалал ихтэй чиглэлүүдэд 20 автобус нэмснээр зорчигчдын хүлээх хугацаа таван минутаар буурчээ.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчигчдын хүлээлгийн хугацааг багасгах зорилгоор ачаалал ихтэй чиглэлүүдэд 20 автобус нэмж үйлчилгээнд гаргажээ.
Автобусны тоог нэмэгдүүлснээр тухайн чиглэлүүдийн зорчигч урсгал зургаан хувиар өсч, хүлээх хугацаа таван минутаар багассан байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, гомдол есөн хувиар буурчээ.
Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд нийт 1,185 автобус үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. Харин 2026 оны эхний гурван улирлын байдлаар нийтийн тээврээр нийт 134.3 сая зорчилт бүртгэгджээ.
Үүнээс гадна шөнийн цагаар ажилладаг иргэдийн зорчих хэрэгцээг хангах зорилгоор 22:00–02:00 цагийн хооронд дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна.
Мөн аравдугаар сард нийтийн тээврийн 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийжээ. Энэхүү зохицуулалт нь автобусыг үндсэн чиглэлийн тодорхой хэсэгт буцаан эргүүлж, зорчигчдын ачаалал ихтэй хэсгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





