Эгийн голын усан цахилгаан станцын төсөл урагшлах уу?
Монгол-ОХУ-ын эрдэмтдийн хоёр жилийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан…

Монгол-ОХУ-ын эрдэмтдийн хоёр жилийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.
Судалгааны үр дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцуулсан байна.
Хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг судалгааны холбогдох материал, дүгнэлтийг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор хүргүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой асуудлыг хоёр улсын түвшинд үргэлжлүүлэн хэлэлцэх боломж бүрдэх юм.
Эгийн голд усан цахилгаан станц байгуулах нь зөвхөн Монгол Улсын эрчим хүчний асуудал бус, хил дамнасан усны нөөц, экосистемийн хамгаалалттай холбоотой асуудал гэж ОХУ үзсээр ирсэн.
Төслийн хүрээнд усан сан байгуулах, голын урсацын улирлын хуваарилалтыг өөрчлөх зэрэг үйл ажиллагаа нь голын доод урсгал болон Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх шаардлагатайн улмаас уг төсөл гацсаар байгаа юм.
Харин хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгаа энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгөх зорилготой бөгөөд хоёр жилийн судалгааны үр дүнд төслийг сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан байр суурь гарав. Төслийн дараагийн шатанд судалгааны дүгнэлтийг хэрхэн үнэлэх, нэмэлт нөхцөл тавих эсэх болон холбогдох байгууллагууд ямар шийдвэр гаргах нь чухал нөлөөтэй.
Эгийн голын УЦС Монголын эрчим хүчний системд ямар ач холбогдолтой вэ? Эгийн голын усан цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой томоохон төслүүдийн нэг гэж шижээчид тайлбарладаг.
Усан цахилгаан станц нь усны урсацыг зохицуулан цахилгаан үйлдвэрлэх боломжтой тул нүүрсэнд суурилсан дулааны цахилгаан станцуудыг дэмжих, эрчим хүчний системийн ачааллын хэлбэлзлийг тэнцвэржүүлэхэд ач холбогдолтой аж.
Мөн нар, салхины цахилгаан үйлдвэрлэл цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгддөг учраас усан цахилгаан станц зэрэг тохируулга хийх боломжтой эх үүсвэрүүд эрчим хүчний системийн найдвартай ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Урьдчилсан дүгнэлт төслийг урагшлуулах боломж бүрдүүлэх үү? Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгааны урьдчилсан үр дүн нь олон жилийн турш хэлэлцэгдсэн Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хувьд чухал алхам болж байна.
Хэрэв судалгааны үр дүн холбогдох байгууллагуудын үнэлгээгээр баталгаажиж, байгаль орчны шаардлагуудыг хангаж чадвал төслийн дараагийн шатны хэлэлцүүлэг, төлөвлөлтөд эерэг нөлөө үзүүлэх юм.
Гэвч урьдчилсан дүгнэлт нь байгаль орчны нөлөөллийн эцсийн баталгаа, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл биш юм.
Иймээс арваннэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэх судалгааны материалын агуулга, түүний дараах албан ёсны байр суурь нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн цаашдын явцыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





