Автобус хүлээсээр байх уу: Ирэх сараас нийтийн тээврийг шинэ системээр хянана
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд энэ онд 160 орчим шинэ автобус нэвтрүүлж байгаа ч ачаалал ихтэй цагуудад иргэд автобус удаан хүлээж, зорчигчдын бөөгнөрөл үүссээр байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 160 орчим шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлж байгаа ч ажлын өдрүүдийн ачаалал ихтэй цагуудад автобус хүлээх, зорчигчид бөөгнөрөх нь буурахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Нийслэлийн удирдлагууд автобусны тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа ч зорчигчдын эрэлтэд нийцсэн маршрут, цагийн хуваарь болон үйлчилгээний зохицуулалтыг сайжруулах шаардлага хэвээр байгаа аж.
Үүний зэрэгцээ нийтийн тээврийн төлбөрийн UBCARD аппликейшн зарим үед доголдож, автобусны байршил болон ирэх хугацааг харах боломжгүй болдог талаар иргэд мэдээлжээ.
Энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгч нийслэлийн төсвийн хөрөнгөөр автобус бүрд GPS төхөөрөмж суурилуулж, байршлыг нь иргэдэд бодит цагийн горимоор харуулах санал гаргасан байна.
Харин Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн цахим төлбөрийн болон удирдлага, хяналтын систем нь автобусны байршлыг бодит цагийн горимоор харуулах боломжтойг тайлбарлажээ.
Түүний өгүүлснээр уг системд серверийн алдаа, сүлжээний тасалдал үе үе гарч байгаа бөгөөд хөгжүүлэгч компани болон системийг ашиглагч “Улаанбаатар смарт” компани доголдлыг засварлах, хөгжүүлэлтийг сайжруулах ажлыг үргэлжлүүлж байна.
Мөн арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин системийг зогсоон, шинэ системээр нийтийн тээврийн үйлчилгээний гүйцэтгэлийг тооцож, хяналт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс өмнө илэрсэн алдааг засварлаж, бүрэн шилжилт хийх бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаа аж.
Одоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1,000 гаруй автобус гарч байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт хүлээн авдаг 7004-4040 дугаарын утсанд өглөөний 07:00–09:00 цагийн хооронд дунджаар 20 гаруй дуудлага ирдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зөвхөн автобусны тоог өсгөхөөс гадна чиглэлийн төлөвлөлт, хөдөлгөөний давтамж, үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчид мөн зөвлөжээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын 2026 оны төсөвт өөрийн орлогыг 1.1 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг 5.9 тэрбум, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлогыг 34 тэрбум төгрөгөөр тусгажээ. Харин урсгал зардлын дээд хэмжээг 390 тэрбум төгрөгөөр тогтоосон байна.
Ийнхүү нийтийн тээврийн парк шинэчлэл үргэлжилж байгаа ч төсвийн хөрөнгө оруулалт зорчигчдын хүлээлтийн хугацааг хэр хэмжээгээр бууруулж, үйлчилгээний чанарыг бодитоор сайжруулж байгааг хэмжих шаардлага тулгарч байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





