Иргэд гэрлэн дохион дээр 4 минутаас илүү хүлээхгүй байх тохируулга хийжээ
Улаанбаатар хотод ажлын цаг тарах үеэр явган зорчигчид гэрлэн дохионы дэргэд 10 гаруй минут хүлээдэг гэх гомдол иргэдээс ирж байгааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр хөнджээ.

Улаанбаатар хотод ажлын цаг тарах үеэр явган зорчигчид гэрлэн дохионы дэргэд 10 гаруй минут хүлээдэг гэх гомдол иргэдээс ирж байгааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр хөнджээ. Ялангуяа өвлийн улиралд иргэдийг гадаа удаан хүлээлгэхгүй байх шаардлагатайг онцолсон байна.
Үүнтэй холбогдуулан “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын удирдлага гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа нь явган хүний гарц, уулзвар болон замын хөдөлгөөний зохион байгуулалтаас хамаардаг талаар тайлбарлав.
Түүний мэдээлснээр Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд гэрлэн дохионы нэг мөчлөгийн хугацааг 240 секундээс хэтрүүлэхгүйгээр тохируулжээ. Ингэснээр гэрлэн дохио өөрчлөгдөхийг хүлээх хугацаа дөрвөн минутаас хэтрэхгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Одоогоор нийслэлд нийт 176 гэрлэн дохио ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн засвар, үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцдаг аж. Харин 2025–2026 онд авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы засвар, арчлалт болон шинээр суурилуулах ажилд нийслэлийн төсвөөс ₮1.3 тэрбум зарцуулахаар баталжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





