ЗАМЫН-ҮҮДЭД ЦАХИЛГААН АЧААНЫ АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Замын-Үүд хилийн боомтод /2026.11.07/ ажиллалаа. Засгийн газар гаалийн шинэчлэлийн хүрээнд тус боомтын өргөтгөл, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсэн. 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 1.4 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Гэхдээ гаалийн хяналтын бүсийн хүчин чадал, дэд бүтэц өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгааг боомтынхон хэлж байна. Мөн жил ирэх тутамд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах санал тавилаа. Хяналтын бүсүүдийн зай талбай хүрэлцээ муу, хилийн бүсэд хэт ойр байрласан нь өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн урсгалд зохиомол саад учруулж байна. Овор хэмжээ ихтэй бараа ачсан тээврийн хэрэгслийг байрлуулах шалгалтын тавцан хангалтгүй. Мөн зам талбай, хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц хангалтгүй нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саатлыг нэмэгдүүлж байна. 2016 онд суудлын тээврийн хэрэгсэл шалгах рентген тоног төхөөрөмж суурилуулсан. Урсгал засвар санхүүжилт тавигдаагүйн улмаас 2020 оноос хойш ажиллахгүй болсон. Үүний улмаас өдөрт хилээр нэвтэрч буй 1700 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг хөндөв. Гаалийн ерөнхий газраас импортын ачаа тээвэр, цахим худалдааны барааны нэгдсэн терминал ойролцоогоор 80 га талбайд байгуулах төлөвлөлтийг боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ. Мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лаборатори нь амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд анхан шатны шинжилгээ хийж, нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар хотод байрлах ХАБҮЛЛ-д илгээж байгаа нь импортын ачааны урсгалыг удаашруулдаг, зардал өсгөж байна. Иймд Замын-Үүд дэх салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дээрх хорио цээрийн шинжилгээг иж бүрэн, шуурхай хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Мөн боомт дахь албан хаагчдын ажлын ачаалал их, нөхөн амраах боломжгүй нөхцөлд ажиллаж буйг хөндөв. Ерөнхий сайд Н.Учрал: Үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, бараа бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх, лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, газар дээр нь хийх боломжтой шинжилгээг төв рүү давхар илгээдэг практикийг зогсоох, Боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, рентген тоног төхөөрөмжөөр хангах, шинэ терминал барих ажлыг эрчимжүүлэх, терминалын шинэчлэл, засвар үйлчилгээний тендерийн шаардлага, үнэлгээг нягталж, чанар, стандартын шаардлага хангасан гүйцэтгэгчийг хуульд нийцүүлэн шалгаруулж, ажлыг шуурхай эхлүүлэх, гарц нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж, цахилгаан ачааны автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох, Засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





