Нийслэлд ачааны авто машины хяналтыг чангатгав: Шалгасан тээврийн хэрэгслийн 96 хувь нь замын хуудасгүй байжээ
Нийслэлийн Тээврийн бодлогын газар том оврын ачааны автоммашины хөдөлгөөн, даац болон замын зөвшөөрөлд төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, жолооч нарын тээвэрлэлтийн нөхцөл, даац болон замын зөвшөөрөлд төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлжээ.
Нийслэлийн Тээврийн бодлогын газар (НТБГ) болон Нийслэлийн Замын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй шалгалтад 72 ачааны автомашин хамрагдсанаас ердөө гурав нь зөвшөөрлийн хуудастай байсныг албаныхан мэдээлсэн байна.
Шалгалтад хамрагдсан тээврийн хэрэгслийн 4.2 хувь нь замын хуудастай байжээ.
НТБГ-ын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгийн мэдээлснээр том оврын ачааны авто машинтай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол нэмэгдсэн, мөн авто замын хучилт хөлдөж эхлэх эмзэг үе тохиож байгаатай холбогдуулан шалгалтыг эхлүүлжээ.
Ачааны автомашины жинг явуулын пүүгээр шалгаж байна
Жил бүрийн аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15 хүртэл авто замын хучилт хөлдөх, гэсэх нь температурын өөрчлөлтөөс хамаардаг тул замын эвдрэлээс урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлдэг байна.
Энэ удаагийн шалгалтад явуулын пүү ашиглан ачааны автомашины жин, тээвэрлэлтийн нөхцөл болон холбогдох баримт бичгийг шалгаж байгаа аж.
Замын стандартаар 44 тоннын дээд хязгаарыг мөрдөхийг зөвлөдөг. Ачааны авто машины зөвшөөрөгдөх жинг хэтрүүлэх нь авто замын хучилт, суурь бүтцэд ачаалал үүсгэж, замын эвдрэл болон засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Зөвшөөрөлгүйгээр хязгаарлалттай бүсэд нэвтэрвэл торгоно
Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачаа тээвэр, хүргэлт, түгээлтийн зориулалттай авто машинууд тодорхой хязгаарлалттай оролцдог. Энэ хүрээнд тээвэрлэлт эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд E, C болон түр замын хуудас олгодог бөгөөд зөвшөөрөлд заасан цаг, маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох учиртай.
Хязгаарлалттай бүсэд холбогдох зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн хүнийг 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 нэгж буюу 200 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





