Цагаан ордон сурталчилгааны шинэ аркад тоглоомондоо цагаачдыг “харь гаригийнхан” хэмээн өргөмжиллөө
АНУ-ын гаргасан аркад тоглоомууд цагаачдыг “aliens” хэмээн нэрлэж, баривчлах эсвэл хилээр нэвтрүүлэхгүй байх байдлаар дүрсэлсэн нь арьс өнгөөр ялгаварласан шинжтэй гэх шүүмжлэл дагуулжээ. “Tetris”-ээс санаа авсан “Build the Wall” тоглоомд цагаачдыг зогсоохын тулд хилийн хана босгодог бөгөөд “The Tetris Company” уг бүтээлд оролцоогүйгээ мэдэгдэж, асуудлыг судалж эхэлсэн байна. Цагаан ордон цагаачлал, хил хамгаалалт, эрүүл мэндийн бодлогоо тоглоомоор сурталчилж байгаа ч бусдын бүтээлийг дуурайсан байдал, цагаачдын дүрслэл болон бодит бодлоготой зөрчилдөх агуулга нь маргаан үүсгэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлал, хил хамгаалалт болон эрүүл мэндийн бодлогоо сурталчлах зорилготой хэд хэдэн аркад тоглоом гаргасан нь цагаачдыг хүн бус мэт дүрсэлсэн, арьс өнгөөр ялгаварласан шинжтэй хэмээх шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, алдарт “Tetris” тоглоомоос санаа авсан “Build the Wall” буюу “Хана барь” тоглоомд тоглогч АНУ-ын өмнөд хил дээр дүрсүүдийг өрж хана босгох ёстой. Харин дэлгэцийн доод хэсэгт “aliens” хэмээн нэрлэсэн дүрүүд хаалга хаагдахаас өмнө АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхээр гүйдэг. “Alien” нь англи хэлэнд “харь гарагийн хүн” гэсэн түгээмэл утгатай ч АНУ-ын хууль, улс төрийн хэллэгт иргэн бус хүнийг нэрлэхэд хэрэглэгдэж ирсэн нэр томьёо юм. Трампын засаг захиргаа цагаачдыг “aliens” хэмээн тогтмол нэрлэдэг бөгөөд тоглоомд уг нэршлийг “зомби нарын хилийн бүслэлт” гэх дүрслэлтэй хослуулсан нь цагаачдыг аюул заналхийлэл, хүн бус дүрээр үзүүлсэн гэх шүүмжлэлийн гол шалтгаан болжээ.
“Tetris” асуудлыг судалж эхлэв “Tetris” тоглоомын эрхийг эзэмшдэг “The Tetris Company” Цагаан ордны “Build the Wall” тоглоомыг бүтээхэд ямар нэгэн байдлаар оролцоогүйгээ мэдэгдсэн байна. Компанийн хэвлэлийн төлөөлөгч Керри Бруска “The Verge”-д өгсөн тайлбартаа “Tetris” 40 гаруй жилийн турш өөр өөр үе, соёлын хүмүүсийг тоглоомоор дамжуулан нэгтгэж ирснийг онцлоод, компани “асуудлыг судалж байна” гэж мэдэгджээ. Трампын засаг захиргааны цахим сурталчилгааны контент өмнө нь ч зохиогчийн эрхийн маргаан дагуулж байсан. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой DMCA-ийн контент устгуулах хүсэлт хүлээн авсны дараа арьс өнгөөр ялгаварласан шинжтэй гэж шүүмжлэгдсэн зарим нийтлэлээ устгаж байжээ. Цагаачдыг “цуглуулдаг” тоглоом Цагаачлалын бодлогыг тоглоом болгосон өөр нэг жишээ нь “Rio Run”. Сонгодог “Snake” тоглоомтой төстэй уг бүтээлд могойн толгойн оронд АНУ-ын Хилийн эргүүлийн ажилтан гарч, дэлгэцээр хөдөлж цагаачдыг “цуглуулдаг”. Ингэснээр бодит амьдрал дахь цагаачдыг саатуулах, албадан гаргах ажиллагааг аркад тоглоомын оноо цуглуулах механиктай хослуулсан нь шүүмжлэлийн өөр нэг гол сэдэв болж байна. Трампын засаг захиргаа мийм, богино видео, тоглоом зэрэг цахим контентыг бодлогын мессежээ түгээхэд өргөн ашиглаж байгаа бөгөөд “The Verge”-ийн тайлбарласнаар эдгээр контент нь дэмжигчдийг идэвхжүүлэхийн зэрэгцээ улс төрийн өрсөлдөгчдийн анхаарлыг татах хэрэгсэл болжээ. Гэхдээ аркад тоглоомууд бодлогыг энгийн, зугаатай хэлбэрээр хүргэхээс гадна бодит хүмүүс, тэр дундаа цагаачдыг хэрхэн дүрсэлж байгаа болон алдартай тоглоомуудын загварыг зөвшөөрөлгүй ашигласан эсэх асуудлыг давхар хөндөж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





