COP17-гийн санхүүжилт, зарцуулалтад санхүүгийн болон нийцлийн аудит эхлүүллээ
Аудитаар хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, төсөвлөлт, худалдан авалт болон зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгана. Шалгалтад COP17-гийн Үндэсний хороо болон холбогдох яам, төрийн байгууллагууд хамрагдана. 2023-2026 оны санхүүгийн болон үйл ажиллагааны баримтуудыг хянана.

Үндэсний аудитын газар Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд санхүүгийн болон нийцлийн аудит эхлүүлжээ.
Аудитын нээлтийг есдүгээр сарын 8-нд Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Баярсайхан хийж, хамрагдах байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулсан байна.
Шалгалтын хүрээнд COP17-г зохион байгуулахад ашигласан хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийн төлөвлөлт, улсын төсөвт хэрхэн тусгасан байдал болон төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг үнэлнэ. Мөн зарцуулсан хөрөнгийн үр дүнд дүгнэлт өгөхөөр төлөвлөжээ.
Аудитад COP17-г зохион байгуулах Үндэсний хороо, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох байгууллагыг хамруулна.
Аудиторын баг дээрх байгууллагуудын 2023-аас 2026 онд гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн анхан шатны баримт болон худалдан авах ажиллагааны гэрээг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх юм.
Үндэсний аудитын газраас аудитад хамрагдах байгууллагуудад шаардлагатай баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, аудитын багтай хамтран ажиллахыг нээлтийн үеэр онцолжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





