Д.Трамп: Ноён Зеленский Оросын дизель түлшний үйлдвэрлэлийг зогсооход хүргэж байгаа агаарын цохилтоо зогсоох хэрэгтэй
Украин сүүлийн саруудад Оросын газрын тос боловсруулах дэд бүтцэд чиглэсэн алсын тусгалын цохилтоо эрчимжүүлсэн. “GasBuddy”-ийн мэдээллээр АНУ-д дизель түлшний үнэ пүрэв гарагт галлон тутамдаа 6 ам.долларыг давсан юм. Оросын боловсруулах хүчин чадал буурвал дизель түлшний дэлхийн нийлүүлэлт хумигдах эрсдэл нэмэгдэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн алсын тусгалын цохилтоо зогсоохыг уриалж, уг довтолгоонуудыг дэлхийн дизель түлшний хомсдолтой холбон тайлбарлав.
Тэрбээр Ирландын баруун хэсэгт байрлах гэр бүлийнхээ гольфын клубт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө түлшний нийлүүлэлттэй холбоотой өнөөгийн эрсдэлийн гол шалтгаан нь
Ойрх Дорнодын дайн бус, Орос-Украины дайны хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилтууд гэж үзэж байгаагаа хэлжээ.
“Ноён Зеленский нэг зүйлийг хийх хэрэгтэй. Оросын дизель түлшний үйлдвэрлэлийг зогсооход хүргэж буй агаарын цохилтуудаа зогсоох хэрэгтэй” гэж Трамп мэдэгдсэн байна. Тэрбээр Зеленскийтэй уг асуудлаар ярилцсанаа дурдаад, “Өөр олон бай байгаа. Дизель түлшний үйлдвэрүүдэд довтлох хэрэггүй. Энэ нь дэлхий нийтэд хохирол учруулж байна” гэжээ.
Украин сүүлийн саруудад Оросын газрын тос боловсруулах дэд бүтцэд чиглэсэн алсын тусгалын цохилтоо эрчимжүүлсэн. Трампын байр сууриар бол боловсруулах хүчин чадал буурах нь дизель түлшний нийлүүлэлтийг шууд хязгаарлаж, дэлхийн зах зээл дэх хомсдол болон үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
АНУ-д дизель түлшний үнэ огцом нэмэгдээд буй энэ үед шатахууны үнийн мэдээллийн “GasBuddy” үйлчилгээний тооцоогоор дизель түлшний жижиглэнгийн үнэ пүрэв гарагт галлон тутамдаа 6 ам.долларыг давж, дээд түвшинд хүрчээ.
Дизель түлш нь ачаа тээвэр, логистик, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг тул үнэ өсөх нь тээврийн зардлаар дамжин бусад бараа, үйлчилгээний өртөгт нөлөөлөх эрсдэлтэй.
Үүний зэрэгцээ Орос газрын тосны үйлдвэрлэл, экспортын төлөвлөгөөгөө бууруулах дохио өгч байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус улсын Засгийн газар энэ оны газрын тосны үйлдвэрлэлийг сүүлийн 17 жилийн хамгийн бага түвшинд хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд 2026, 2027 оны экспортын төлөвлөгөөгөө мөн эргэн харж буй аж.
Оросын олборлолт болон боловсруулах хүчин чадал зэрэг буурвал дэлхийн түлшний нийлүүлэлтийн талаарх болгоомжлол нэмэгдэнэ.. Харин Трампын шахалтын дараа Украин цохилтын чиглэлээ өөрчлөх эсэх нь эрчим хүчний зах зээлийн анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





