Леброн Жеймс хиймэл оюунаар бүтээсэн дүр, дуу хоолойг нь зөвшөөрөлгүй ашигласан стартапыг шүүхэд өгчээ
NBA-ийн од Леброн Жеймс өөрийн нэр, дүр төрх, дуу хоолойг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр спортын мэдээллийн “Bron” аппликейшныг ажиллуулдаг “PlayVision” компани болон удирдлагуудынх нь эсрэг…

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгч Леброн Жеймс өөрийн нэр, дүр төрх, дуу хоолойг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаанд ашигласан хэмээн спортын технологийн “PlayVision” компани болон түүний удирдлагуудыг шүүхэд өгчээ.
Нью-Йоркийн өмнөд дүүргийн Холбооны дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “PlayVision”-ийн ажиллуулдаг “Bron” аппликейшн болон компанийн үүсгэн байгуулагч Аниш Гупта, Марк Зогби нарыг шүүхэд өгсөн байна.
Жеймсийн үзэж буйгаар, тус компани сагсан бөмбөгчний олонд танигдсан “Bron” хочийг бүтээгдэхүүнийхээ нэр болгон ашигласнаар хэрэглэгчдэд уг аппликейшнийг Жеймстэй холбоотой, эсвэл түүний дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн мэт ойлголт төрүүлж буйг онцоллоо.
Энэхүү маргаан зөвхөн аппликейшнтай холбоотой бус, хиймэл оюунаар бүтээсэн алдартны дүр, дуу хоолойг сурталчилгаанд ашиглах зөвшөөрөлтэй холбоотой аж.
Хиймэл оюунаар бүтээсэн сурталчилгаа нэг сая орчим үзэлт авчээ Нэхэмжлэлд дурдсанаар, “PlayVision” компанийн сурталчилгаанд Жеймсийн дүрийг 23 дугаартай өмсгөл, танигдахуйц шивээстэйгээр дүрсэлж, түүний дуу хоолойг дуурайлган бүтээсэн хувилбарыг ашигласан байна.
Уг сурталчилгаа “X” платформд нийтлэгдсэнээс хойш нэг өдрийн дотор ойролцоогоор нэг сая үзэлт авчээ.
Үүний дараа Жеймсийн өмгөөлөгчид арваннэгдүгээр сарын 5-нд компанид шаардлага хүргүүлсэн бөгөөд маргаантай сурталчилгааг “X” болон “Instagram” платформоос устгасан гэж нэхэмжлэлд дурдсан байна.
Гэвч компани бүтээгдэхүүнийхээ “Bron” нэрийг хэвээр үлдээжээ. Жеймсийн тал уг нэршлийг түүний олон нийтэд танигдсан хочтой холбон ашигласан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Алдартны дүр төрхийг арилжаанд ашиглаж болох уу? Хиймэл оюуны технологиор бодит хүний дүр, дуу хоолойг дуурайлган бүтээх боломж нэмэгдсэн нь сурталчилгааны салбарт шинэ төрлийн эрх зүйн маргаан үүсгэж байна.
Ялангуяа олонд танигдсан хүний нэр, дүр төрх, дуу хоолойг бүтээгдэхүүн сурталчлах зорилгоор ашиглах нь тухайн хүн уг бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй.
Жеймсийн нэхэмжлэлийн гол асуудал нь түүний таних тэмдгүүдийг ашигласан эсэхээс гадна уг ашиглалт зөвшөөрөлтэй байсан уу, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үү гэдэгт төвлөрч байна.
“Apple App Store”-ийн бүтээгдэхүүний тайлбарт “Bron” нь спортын тоон мэдээлэл болон бооцооны судалгаанд зориулсан аппликейшн гэж тодорхойлжээ. Тус бүтээгдэхүүн шууд бооцоо хүлээн авдаггүй аж.
“PlayVision” компани АНУ-ын Калифорни мужид төвтэй бөгөөд технологийн стартапуудыг дэмждэг “Y Combinator”-ийн 2025 оны намрын хөтөлбөрт оролцжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





