Нийслэлийн гол замуудад нарны цэнэгтэй LED тэмдэглэгээ суурилуулж эхэллээ
Энэ нь жолоочид замын чиглэл, эгнээний зааг болон замын ирмэгийг илүү тод харах нөхцөл бүрдүүлнэ. Уулын зам, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөнд нийт 976 ширхэг LED гэрэл байршуулсан байна. Замын хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой ажлуудад Нийслэлийн Замын сангаас нийт 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нийслэлийн гол болон туслах гудамж, замын хөдөлгөөний эрсдэл өндөр хэсгүүдэд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг LED гэрэл суурилуулж эхэллээ. Нийслэлийн зүгээс уг шийдлийг жолоочид замын чиглэл, эгнээний зааг болон замын ирмэгийг илүү тод харах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нэвтрүүлж байна.
Уулын зам, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөнд нийт 976 ширхэг LED гэрэл байршуулжээ. Байршлыг сонгохдоо уулзвар, огцом эргэлт, явган хүний гарц, тусгаарлах зурвас болон хөдөлгөөний чиглэл заагласан хэсгүүдэд түлхүү төвлөрүүлсэн байна.
Замын хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой ажлуудад энэ онд Нийслэлийн Замын сангаас нийт 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс замын тэмдэгт 1.5 тэрбум төгрөг, замын тэмдэглэгээг сэргээн шинэчлэхэд 4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.
Нарны цэнэглэлтэй гэрлүүд тогтмол цахилгаан тэжээл шаардахгүй ажиллах боломжтой. Шөнийн цагаас гадна манан, цас, бороо, тоосжилтын улмаас үзэгдэх орчин муудах үед замын тэмдэглэгээг илүү тод харахад жолоочид дэмжлэг үзүүлэхээр тооцоолжээ.
Үзэгдэх орчин тааруу үед замын будган тэмдэглэгээ бүдгэрч харагдах нь эгнээ болон хөдөлгөөний чиглэлийг тодорхойлоход хүндрэл учруулдаг. Нийслэлийн тооцоолсноор гэрэлт тэмдэглэгээ ашигласнаар ийм нөхцөлд жолоочийн харааны мэдээллийг нэмэгдүүлж, ослын эрсдэлийг бууруулах боломжтой.
Хотын зүгээс LED гэрлүүдийн үр нөлөөг цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтүүдээр үнэлэхээр төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





