Саарал ус ашигладаг автомашин угаалгын газруудын хотын татварыг 1% болгон бууруулна
НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар "Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын (НИТХ) ээлжит IX хуралдаанаар хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хотын албан татварын хувь хэмжээг бууруулснаар аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжиж, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх боломжтой гэж үзжээ.
Хотын албан татварыг бараа, үйлчилгээ худалдан авч буй эцсийн хэрэглэгч төлдөг тул татварын хувь хэмжээ буурах нь тухайн үйлчилгээний нийт төлбөрийг бууруулах боломжтой гэж төлөөлөгчид тайлбарлажээ.
Гэхдээ татварын хувь хэмжээг өөрчлөхдөө үйлчилгээний байгууллагуудын байршил, орлого, зардал болон үйл ажиллагааны онцлогт тулгуурласан нарийвчилсан судалгаа, тооцоо хийх шаардлагатайг онцолсон байна.
Саарал ус ашигладаг автомашин угаалгын газарт татварын хөнгөлөлт үзүүлнэ
Хэлэлцүүлгийн үеэр автомашин угаалгын газруудын усны хэрэглээг харгалзан хотын албан татварыг ялгаатай тогтоох санал гаргажээ.
Тодруулбал, ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн, саарал ус ашигладаг автомашин угаалгын газруудыг татварын бодлогоор дэмжих, харин цэвэр ус ашигладаг байгууллагад ижил хөнгөлөлт үзүүлэхгүй байх санал дэвшүүлсэн байна.
Үүний дагуу тогтоолын төсөлд авто машин угаалгын үйлчилгээнд ногдуулах хотын албан татварын хувь хэмжээг дараах байдлаар тусгажээ.
Саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээ-1 хувь
Цэвэр ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээ-2 хувь
Ингэснээр ус дахин ашигладаг автомашин угаалгын үйлчилгээний татварын хувь хэмжээ цэвэр ус ашигладаг байгууллагынхаас нэг нэгж хувиар бага байх юм.
Энэхүү зохицуулалт нь автомашин угаалгын газруудыг усны хэрэглээгээ бууруулах, дахин ашиглах технологид хөрөнгө оруулахад эдийн засгийн хөшүүрэг болох аж.
Шинэчилсэн татварыг 2027 оноос хэрэгжүүлнэ
НИТХ-ын хуралдаанаар хэлэлцсэн тогтоолын зохицуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тусгасан байна.
Хотын албан татварын хувь хэмжээг бууруулах нь татвар ногдох бараа, үйлчилгээний хэрэглэгчдийн төлбөрийн ачааллыг тодорхой хэмжээнд багасгах боломжтой ч бодит нөлөө нь үйлчилгээний байгууллагууд татварын өөрчлөлтийг эцсийн үнэд хэрхэн тусгахаас хамаарна.
Мөн авто машин угаалгын газруудын усны хэрэглээг ямар баримт, шалгуураар тогтоож, нэг болон хоёр хувийн татварыг хэрхэн ялган хэрэгжүүлэх нь шинэ зохицуулалтын үр дүнд чухал нөлөөтэй аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





