Төрийн шагналын төрөл, шалгуур, олголтын хязгаарыг хуулиар тогтоох төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд шагналын төрөл, ангилал, шалгуур, олголтын хязгаарыг хуульчлахаар тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулж, шагнал олгох шалгуур, хязгаар болон хөдөлмөрийн үнэлэмжийг шинэчлэх асуудлаар санал солилцжээ. Төсөлд төрийн шагналын төрөл, ангилал, шалгуурыг хуулиар тогтоож, шагнал олголтыг ил тод, нэгдсэн зохицуулалттай болгохоор тусгасан байна.
Танилцуулга уулзалтад оролцсон Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлс, урамшууллын тогтолцооны талаар мэдээлэл өгчээ. Түүний мэдээлснээр одоогоор хоёр багш тутмын нэг нь гүйцэтгэлийн урамшуулал авч байгаа аж. Тэрбээр хөдөлмөрийн үнэлэмжийг зөвхөн төрийн шагналаар бус, ажлын бодит үр дүн, бүтээмжтэй уялдуулах шаардлагатайг онцолсон байна.
Мөн боловсролын салбарт нэвтрүүлсэн шагналын мэдээллийн нэгдсэн системийн туршлагыг танилцуулжээ. Уг системээр шагнал хүртсэн иргэдийн мэдээллийг нэгтгэн бүртгэж, давхардал болон мэдээллийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтад оролцогчид төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах, шагнал олголтын шалгуурыг тодорхой болгох, хөдөлмөрийн бодит үнэлэмжийг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцсон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





