Трампын Засгийн газар Хятад, Япон тэргүүтэй худалдааны түншүүдэд шинээр тариф ногдуулахаар зэхэж байна
Дональд Трампын засаг захиргаа аж үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадалтай тэмцэх зорилгоор худалдааны 14 түншдээ импортын шинэ тариф ногдуулах санал гаргалаа.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар тус улсын худалдааны 16 түншийн аж үйлдвэрлэлийн бодлого, худалдааны шударга бус практикт найман сарын хугацаанд шалгалт явуулсны эцэст 14 эдийн засагт шинээр тариф ногдуулах санал гаргалаа. Вашингтон эдгээр эдийн засгийн төрийн татаас, үйлдвэрлэлийг дэмжих бодлого нь зах зээлийн бодит эрэлтээс давсан үйлдвэрлэлийг бий болгож, АНУ-ын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж байна хэмээн дүгнэжээ.
Хятадад ногдуулах тариф 40 хувьд хүрч болзошгүй Цагаан Ордны мэдээлснээр Хятадад санал болгож буй 20 хувийн тарифыг Дональд Трампын бүрэн эрхийн эхний хугацаанд ногдуулсан 25 хувийн тарифт нэмж тооцохоор төлөвлөжээ. Хоёр улсын худалдааны түр тохиролцоо 2027 оны нэгдүгээр сарын 10-нд дуусгавар болох бөгөөд тохиролцоо сунгагдахгүй бол шинээр ногдуулах тариф 40 хувьд хүрэх боломжтой аж. Түүнчлэн Вашингтон тогтоосон тарифаа бууруулахаар Бээжинтэй хэлэлцэж буй энэ үед Хятадын 30 тэрбум ам.долларын үнийн дүнтэй дүйх хэмжээний импортын барааг шинэ тарифаас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Вашингтоны мэдээлнээр Хятадыг ган, хөнгөн цагаан, цахилгаан автомашин, нарны эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн илүүдэл үүсгэж буй гол эх үүсвэр гэж үзэж байгаа бол Бээжин үүнийг няцааж, экспортын амжилтаа өрсөлдөх давуу талтай холбон тайлбарлажээ. Үүний зэрэгцээ АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж буй улс орнууд Вашингтоны санал болгож буй нөхцлийг эцэслэн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Вьетнамд 35 хувь, Энэтхэгт 25 хувь, Сингапурт 20 хүртэлх хувийн тариф ногдуулах санал гаргажээ. Харин Мексик, Норвегийн худалдааны бодлоготой холбоотой шалгалт үргэлжилж байгаа тул одоогоор шинэ тариф санал болгоогүй байна. Трампын засаг захиргаа ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүхээс хүчингүй болгосон өргөн хүрээний тарифуудаа 1974 оны Худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйлд тулгуурлан сэргээхээр ажиллаж байна. Гэвч тарифын бодлого АНУ-ын хэрэглэгчдийн дунд эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа юм. “Reuters/Ipsos”-ийн завсрын сонгуулийн дараа явуулсан санал асуулгаар оролцогчдын 62 хувь нь тарифыг хүчингүй болгох хүчин чармайлтыг дэмжжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





