“Zoom”, “CNN”, “IKEA” зэрэг 178 байгууллагын вебсайтаар дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлахыг оролджээ
“Zoom”, “HSBC”, “CNN”, “Salesforce”, “IKEA” зэрэг дэлхийн томоохон байгууллагуудын вебсайтаар дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах, мөн бүх төрлийн iPhone төхөөрөмжид хортой код суулгах олон…

Цахим гэмт хэрэгтнүүд дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй зарим вебсайтаар дамжуулан хэрэглэгчдийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хулгайлахыг оролджээ. Халдлагад “Zoom”, “HSBC”, “Equifax”, “CNN”, “Salesforce”, “IKEA” зэрэг байгууллагын вебсайтууд өртсөн байж болзошгүй бөгөөд нийт 178 байгууллагын сайтад хортой JavaScript код илэрсэн талаар кибер аюулгүй байдлын судлаач Скотт Хелме мэдэгджээ.
Халдлагыг вебсайтын ажиллагаа, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зориулалттай “Optimizely” платформоор дамжуулан хэрэгжүүлсэн байна. Тус платформын скриптийг ашигласнаар гэмт этгээдүүд тухайн байгууллагын вебсайтад зочилсон хэрэглэгчдийг онилох боломжтой болжээ.
Судлаачийн мэдээлснээр хортой код нь криптовалютын төлбөрийн хаягийг халдагчийн цахим хэтэвчний хаягаар солих, хэрэглэгч банкны картын мэдээллээ оруулах үед дугаарыг нь хуулбарлан авах, браузерын "cookie" мэдээлэл болон дэлгэцийн зургийг хулгайлах зорилготой байв. Түүнчлэн "Apple"-ийн iOS үйлдлийн системтэй төхөөрөмжид халдлага хийх зориулалттай код ажиллуулахыг оролджээ.
Кибер аюулгүй байдлын “HudsonRock” компани мөн дээрх вебсайтууд хэрэглэгчдэд хортой код дамжуулсан болохыг илтгэх нотолгоо илрүүлсэн байна.
Үйл явдалтай холбогдуулан “Salesforce” компани “Optimizely” платформд зөвшөөрөлгүй өөрчлөлт орсныг шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох скриптүүдийг идэвхгүй болгосон байна.
Харин зээлийн мэдээллийн “Equifax” компани асуудлыг шалгаж, “Optimizely” платформыг ашиглахаа зогсоосон ба компанийн зүгээс одоогоор системд халдсан гэх нотолгоо илрээгүйг мэдэгдсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





