Баасан гарагийн арилжаа улаан бүсэд үргэлжилж байна
Хиймэл оюуны дэд бүтцэд зарцуулж буй асар их хөрөнгө оруулалт хангалттай өгөөж өгөх эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлснээр АНУ болон Азийн технологийн компаниудын хувьцааны ханш огцом буурлаа.

АНУ-ын технологийн томоохон компаниудын хиймэл оюуны дэд бүтцэд зарцуулж буй хөрөнгө оруулалт хангалттай ашиг авчрах эсэхэд эргэлзээ нэмэгдсэнээр дэлхийн технологийн хувьцааны ханш баасан гарагийн арилжаагаар огцом унаад байна. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөөс мөнгөө татаж, АНУ-ын Засгийн газрын бонд болон аюулгүйд тооцогддог валютууд руу шилжсэн байна.
“Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн хувьцааны ханш Уолл Стрийтийн арилжаагаар 12.6 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 500 тэрбум ам.доллар хэдийн арчигджээ. Хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зардал өссөнөөр компанийн мөнгөн урсгал сөрөг түвшинд шилжсэн нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн “Intel”-ийн хувьцааны ханш 23 хувиар унасан бол, “Amazon”-ийнх долоон хувиар буурчээ. Улмаар технологийн томоохон компаниудыг хамардаг Nasdaq 100 индексийн фьючерс 1.9 хувиар унаж, Азийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаанд ч ижил нөхцөл үүссэн байна.
“Pepperstone” компанийн шинжээч Крис Уэстоны тайлбарласнаар хөрөнгө оруулагчид хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтой эсэхээс илүүтэйгээр зарцуулсан асар их хөрөнгө хувьцаа эзэмшигчдэд хангалттай өгөөж авчрах эсэхэд анхаарч эхэлжээ.
Азийн технологийн зах зээлд уналт эрчимжлээ Технологийн хувьцааны борлуулалт Азийн зах зээлд ч үргэлжилж, Өмнөд Солонгосын KOSPI индекс гурав гаруй хувиар буурчээ. Ингэснээр тус индекс аравдугаар сард нийт 16 орчим хувиар унаад байна.
Японы Nikkei 225 индекс мөн хоёр гаруй хувиар буурч, энэ сарыг нийт таван хувийн уналттай үдэх төлөвтэй байгаа юм. Үүгээр зогсохгүй эх газрын Хятадын CSI 300 индекс энэ сард сүүлийн арван жилийн хамгийн өндөр уналтаа бүртгэхээр байна.
Технологийн компаниудын энэ долоо хоногт танилцуулсан санхүүгийн тайлангууд хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын эрсдэлийг дахин анхаарлын төвд авчирчээ. Дата төв, хагас дамжуулагч болон бусад тоног төхөөрөмжид зарцуулах хөрөнгө нэмэгдэж байгаа ч тэдгээрийн эрэлт, ирээдүйн орлого хэр тогтвортой байх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Үүний зэрэгцээ технологийн тоног төхөөрөмжийн үнэ өссөөр байгаа нь цаашид ухаалаг гар утас, компьютер зэрэг бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлөн, хэрэглэгчдийн худалдан авалт хумигдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгджээ.
АНУ-ын бондын эрэлт нэмэгдэж, иений ханш чангарлаа Хувьцааны зах зээлийн уналттай зэрэгцэн хөрөнгө оруулагчид дунд АНУ-ын Засгийн газрын бондын эрэлт нэмэгджээ. "Reuters" агентлагийн мэдээлснээр тус улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөж баасан гарагт 7 гаруй суурь нэгжээр буурч, 4.91 хувьд хүрсэн байна.
Аравдугаар сарын турш уг бондын өгөөж нийт 37 орчим суурь нэгжээр буурсан нь 2023 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн огцом бууралт үзүүлсэн юм. Харин хоёр жилийн хугацаатай бондын өгөөж 8 гаруйсуурь нэгжээр буурч, 4.57 хувьд хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын Холбооны Нөөцийн банк лхагва гарагт бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр танилцуулсан нь бондын эрэлтийг нэмэгдүүлжээ.
Үүний зэрэгцээ валютын зах зээлд Японы иен ам.долларын эсрэг 0.3 хувиар чангарч, нэг ам.доллар 157.20 иентэй тэнцсэн бол Швейцарын франк сүүлийн нэг сарын дээд түвшиндээ ойртжээ.
Японы Төв банк баасан гарагт өндөрлөсөн ээлжит хурлаараа бодлогын хүүгээ өөрчлөлгүй хэвээр хадгалж буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ инфляцын эрсдэлийг анхааралтай ажиглахаа мэдээлсэн. Мөн тус банк ирэх жил биржээр арилжаалагддаг сангуудын эзэмшлээ бууруулах үйл явцыг эрчимжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ.
Холбоотой мэдээ





