“Novartis”-ийн шинэ эмийн борлуулалт жилд 4 тэрбум ам.доллар давж болзошгүй
“Novartis” компани олон голомтот хатуурлын шинэ эмийн жилийн борлуулалт оргил үедээ 4 тэрбум ам.доллар давна гэж тооцоолж байна.

Швейцарын эм үйлдвэрлэгч “Novartis” компани олон голомтот хатуурал өвчний эмчилгээнд зориулан хөгжүүлж буй “remibrutinib” эмийг түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийнхээ нэг болно гэж үзэж байна. Гэвч эмнэлзүйн сүүлийн шатны хоёр туршилтаар уг эм өвчний сэдрэлийг хүлээлтээс бага хэмжээгээр бууруулсан нь борлуулалтын төлөвт эргэлзээ төрүүлжээ.
“Novartis”-ийн гүйцэтгэх захирал Вас Нарасимхан CNBC-д өгсөн ярилцлагадаа шинэ эмийн жилийн борлуулалт оргил үедээ 4 тэрбум ам.доллар давна гэж хэлсэн байна. Тус компани уг эмийг бусад өвчний эмчилгээнд ашиглан нийт борлуулалтыг нь 8 тэрбум ам.доллароос давуулахаар зорьж байна.
Гэвч Пенсильванийн их сургуулийн мэргэжилтэн Амит Бар-Ор шинэ эмийн аюулгүй байдлын үзүүлэлт найдвар төрүүлж байгаа ч өвчний сэдрэлийг хянах чадвараараа “Novartis”-ийн одоо борлуулж буй “Kesimpta” эмээс сул байх магадлалтай гэж үзжээ. Харин өвчин нь аажмаар хүндэрч буй, эмчилгээний сонголт цөөн өвчтөнүүдэд тус шинэ эм илүү үр дүнтэй байж магадгүй гэж үзэж байна.
Хөрөнгө оруулагчид одоо 2028 онд үр дүн нь гарахаар хүлээгдэж буй “RESHAPE” туршилтад анхаарч байна. Уг туршилт шинэ эмийг одоогийн CD20-ийн эсрэг эмчилгээнээс шилжин хэрэглэх боломжийг үнэлэх юм.
“Novartis”-ийн хувьд шинэ эмийн амжилт онцгой ач холбогдолтой. Учир нь компанийн гол бүтээгдэхүүн болох “Kisqali”, “Kesimpta” эмүүдийн патентын хугацаа 2032 оны орчимд дуусах бөгөөд эдгээрийн жилийн борлуулалт оргил үедээ нийлээд 18 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж “Barclays” тооцоолжээ.
Иймээс “remibrutinib”-ийн цаашдын туршилтын үр дүн компанийн ирээдүйн өсөлтийн төлөвийг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна.
Холбоотой мэдээ





