Вашингтон Хятадын компаниуд Америкийн утасны дугаарт шууд хандах эрхийг хязгаарлаж магадгүй
АНУ-ын Харилцаа холбооны хороо үндэсний аюулгүй байдлын эрсдэл болон хууль бус автомат дуудлагаас сэргийлэх зорилгоор Хятадын харилцаа холбооны компаниудын АНУ-ын утасны дугаарын нөөцөд шууд хандах…

АНУ-ын Харилцаа холбооны хороо Хятадын харилцаа холбооны томоохон компаниудын АНУ-ын утасны дугаар нөөцөд шууд хандах эрхийг хориглох санал боловсруулжээ. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, залилангийн шинжтэй автомат дуудлагыг хязгаарлах зорилготой уг саналыг арваннэгдүгээр сарын 19-нд хэлэлцэж, санал хураахаар товлосныг тус хорооноос мэдэгдсэн байна.
Хоригт “China Mobile”, “China Telecom”, “China Unicom” болон интернэт протоколд суурилсан харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг бусад компани хамрагдахаар тусгажээ.
Интернэтээр дуут дуудлага дамжуулах VoIP технологи нь хүний дуу хоолойг тоон өгөгдөл болгон хувиргаж, өргөн зурвасын интернэт сүлжээгээр дамжуулдаг. Ийм үйлчилгээ эрхэлдэг компаниуд АНУ-ын утасны дугаарын нөөцөд шууд хандах эрхтэй бол үйлчилгээний зардлаа бууруулж, нэмэлт боломжуудыг хэрэглэгчдэд санал болгоход хялбар байдаг.
Харилцаа холбооны хорооны дарга Брендан Каррын мэдэгдсэнээр уг шийдвэр нь хууль бус автомат дуудлага хийдэг этгээдүүдийн эсрэг хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой аж.
Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн компаниудын жагсаалтад багтсан “Huawei”, “ZTE” зэрэг үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмж ашигладаг интернэтэд суурилсан харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчдийг мөн хязгаарлах санал гаргажээ.
Түүнчлэн Хятадын бүх лабораторид АНУ-ын электрон төхөөрөмжийн туршилт хийхийг 2028 оны арванхоёрдугаар сараас хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн Хятадын компаниудад өмнө нь олгосон утасны дугаарт шууд хандах зөвшөөрлийг цуцлах боломжийг ч авч үзэж байгаа аж.
АНУ-ын Харилцаа холбооны хороо өмнө нь “China Mobile”, “China Telecom”, “China Unicom” компаниудыг АНУ-д олон улсын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Үүнээс гадна тус компаниудыг АНУ-ын сүлжээнд холбогдох болон тус улсын нутаг дэвсгэрт дата төв ажиллуулахыг хориглох нэмэлт арга хэмжээг хэлэлцэж байгаа юм.
Холбоотой мэдээ





