Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан ч дүн нь эцэслээгүй
Засгийн газар 2027 оны төсөвт Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тусгасантай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг орлогын эрх зүйн баталгааг тодрууллаа. Ерөнхий сайд Н.

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвийн хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай мэтгэлцэж, 2027 оны улсын төсөвт тусгасан Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн асуудлыг хөндлөө.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин уг орлогыг төсөвт тусгасан боловч ногдол ашиг хуваарилах шийдвэр албан ёсоор гараагүй байгааг онцлов. Түүний хэлснээр, байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн яамны төлөөлөгчид Оюутолгойн ногдол ашиг хуваарилах асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулах ажил үргэлжилж байгаа гэж тайлбарлажээ.
Иймээс төсөвт тусгасан 3 их наяд төгрөг нь Монгол Улсад зайлшгүй орж ирэх эрх зүйн баталгаатай орлого уу, эсвэл хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийн үр дүнд бүрдэх боломжтой орлогын төсөөлөл үү гэдгийг Ерөнхий сайдаас тодруулсан юм.
Мөн уг мөнгө нь Оюутолгойн ногдол ашиг бус, “Онтрэ”-ийн лицензийн төлбөр байж болзошгүй гэсэн хардлага байгааг илэрхийлэв.
Хариуд нь Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгийг анх төлөвлөснөөс эрт авахаар хөрөнгө оруулагч талтай тохиролцсон гэж мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхэд ямар ч үүрэг хүлээгээгүй" гэдгийг онцолж, "Харин 10 жилийн дараа авах байсан ногдол ашгийг 2027 онд авахаар болсон” хэмээн тайлбарлав.
Ерөнхий сайдын мэдээлснээр, энэ асуудлаар Оюутолгойн ТУЗ-ийн даргатай хэлэлцэж, хөрөнгө оруулагч талын гүйцэтгэх захирал Монголд ирэх үеэр мөн уулзалт хийжээ. Тэрхүү уулзалтын үеэр хөрөнгө оруулагч тал ирэх онд ногдол ашиг олгохоо баталгаажуулсан гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Гэхдээ ногдол ашиг авах хугацааны талаар тохиролцсон ч хуваарилах мөнгөн дүн эцэслээгүй гэдгийг Н.Учрал хүлээн зөвшөөрөв. Тэрбээр энэ талаар “Ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй байна” хэмээлээ.
Харин “Онтрэ”-ийн лицензийн асуудлаар Ерөнхий сайд стратегийн ордтой холбоотой лиценз шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэдгийг онцлов. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, лиценз эзэмшигчтэй хэлэлцээр хийхээр төлөвлөсөн талаар мөн мэдээллээ.
Ийнхүү Засгийн газар Оюутолгойгоос 2027 онд ногдол ашиг авах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэж байгаа ч улсын төсөвт тусгасан 3 их наяд төгрөгийн орлого бүрэн баталгаажсан эсэх асуудал нээлттэй хэвээр байна.
Холбоотой мэдээ





