Дэлхийн банк: Монголд бизнес бүртгүүлэхэд цаасан баримт бичиг, нотариатын шаардлага хүндрэл учруулж байна
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад бизнесийн бүртгэлийн цахим дэд бүтэц бүрдсэн ч цаасан баримт бүрдүүлэх, нотариатаар баталгаажуулах, төрийн байгууллагад биечлэн очих шаардлага хэвээр байна.

Монгол Улсад бизнесийн бүртгэлийн эрх зүйн болон цахим дэд бүтцийн үндсэн суурь бүрдсэн ч аж ахуйн нэгжүүд цаасан баримт бичиг бүрдүүлэх, нотариатаар баталгаажуулах, төрийн байгууллагад биечлэн хандах зэрэг захиргааны хүндрэлтэй тулгарсаар байгааг Дэлхийн банкны судалгаагаар тогтоожээ.
Дэлхийн банкнаас боловсруулсан “Монгол Улсын бизнесийн бүртгэл: Гол дүгнэлтүүд ба зөвлөмжүүд” тайланг арваннэгдүгээр сарын 19-нд зохион байгуулсан бизнесийн бүртгэлийн шинэчлэлийн хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан байна.
Судалгаагаар бүртгэлийн явцад иргэн, аж ахуйн нэгжээс ижил мэдээллийг олон удаа шаардах, төрийн байгууллагуудын мэдээллийн системүүдийн уялдаа хангалтгүй байх зэрэг асуудлыг тодорхойлжээ.
Бизнесийн бүртгэлийг эхнээс нь дуустал цахимжуулахыг зөвлөжээ
Дэлхийн банкны Хувийн салбарын мэргэжилтэн Рампракаш Сетурамасуббу судалгааны үр дүнг танилцуулахдаа бизнесийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалтыг нэгтгэн цэгцлэх, шаардлага болон шат дамжлагыг хялбаршуулах шаардлагатайг онцолжээ.
Тайланд “цахим нэн тэргүүнд” болон “нэг удаа мэдээлэх” зарчмыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Энэ нь иргэн, аж ахуйн нэгж төрийн байгууллагад нэгэнт өгсөн мэдээллээ дахин бүрдүүлэх шаардлагагүйгээр холбогдох байгууллагууд мэдээллээ систем хооронд солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Мөн бизнесийн бүртгэлийн үйл ажиллагааг зөвхөн өргөдөл хүлээн авах шатанд бус, хүсэлт гаргахаас эхлээд бүртгэлийн шийдвэр гарах хүртэл бүрэн цахимжуулах шаардлагатай гэж үзжээ.
“E-Business 2.0” системийг танилцууллаа Хэлэлцүүлгийн үеэр “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөлөл хуулийн этгээдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business 2.0” системийг танилцуулжээ.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн бүртгэлийн цахимжилтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл өгсөн байна.
Олон улсын туршлагын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотын Зах зээлийн зохицуулалтын газрын төлөөлөл бизнесийн бүртгэлийн үйлчилгээг хялбаршуулсан туршлагаасаа хуваалцав.
Шинэчлэл бизнес эрхлэгчдэд ямар ач холбогдолтой вэ?
Бизнесийн бүртгэлийн шат дамжлагыг бууруулж, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдааг сайжруулснаар аж ахуйн нэгж байгуулах, бүртгэлийн мэдээлэл өөрчлөх болон холбогдох үйлчилгээ авахад зарцуулах хугацаа, зардлыг бууруулах боломжтой.
Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд нотариат, цаасан баримт бичиг, байгууллага хооронд биечлэн очих шаардлагыг багасгах нь захиргааны зардлыг хэмнэнэ гэж тодотгосон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





