Дэлхийн хэмжээнд $365 их наяд давсан өрийн "сүлжээ" үүсчээ
Дэлхийн улс орнуудын нийт өр 2026 оны эхний хагаст 10 их наяд ам.доллароор нэмэгдэв. Хөгжингүй эдийн засагтай орнууд сүүлийн нэг жилд Засгийн газрын бондын хүүд 3.3 их наяд ам.

Дэлхийн хэмжээнд өрийн хэмжээ шинэ дээд түвшин рүү "уралдах"-тай зэрэгцэн Засгийн газрууд зээлийн хүүгийн зардалд нэрвэгдэж, төсвөөсөө нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах боломжийг хумихад хүрч эхэллээ.
Вашингтонд төвтэй дэлхийн санхүүгийн салбарын холбоо болох “Олон улсын санхүүгийн хүрээлэн” буюу IIF-ийн тооцоогоор дэлхийн хэмжээнл нийт өр энэ оны эхний зургаан сард 10 их наяд ам.доллароос илүүгээр өсч, 365 их наяд ам.долларыг давсан байна. Уг үзүүлэлтэд Засгийн газар, өрх, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус компаниудын өр багтжээ. IIF-ийн мэдээлснээр өрийн өсөлтийн дийлэнхийг хөгжиж буй зах зээлүүд бүрдүүлж байна.
Хөгжиж буй эдийн засагтай орнуудын өр эхний хагас жилд 6.5 их наяд ам.доллароор нэмэгджээ
Өөрөөр хэлбэл, 110 их наяд ам.долларыг давсан бөгөөд өсөлтийг БНХАУ тэргүүлсэн байна. Дэлхийн өрийн нийт өсөлтөд БНХАУ болон АНУ голлон нөлөөлснийг IIF онцолжээ.
Өрийн хэмжээ зургаа дахь улиралдаа дараалан өссөн ч энэ оны эхний хагасын нэмэлт хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин бага байв. Зээлийн өндөр хүү, эрчим хүчний зардал болон Ираны дайнтай холбоотой зах зээлийн хэлбэлзэл өрх, санхүүгийн байгууллагуудын зээл авах идэвхийг тодорхой хэмжээнд сааруулсан байна.
Зээлийн хүүгийн төлбөр төсвийн томоохон зардал боллоо
IIF-ийн тооцоогоор хөгжингүй эдийн засагтай орнууд сүүлийн нэг жилд зөвхөн зах зээлд арилжаалагддаг Засгийн газрын бондын хүүд 3.3 их наяд ам.доллароос илүүг төлжээ. Тус байгууллага уг дүнг дэлхийн батлан хамгаалах зардал болох 3.1 их наяд, хиймэл оюуны хөрөнгө оруулалт болох 2.6 их наяд ам.доллартай харьцуулсан байна.
Өндөр өгөөж нь бүх өрийн хүүг шууд нэмэгдүүлдэггүй. Харин өмнө нь бага хүүтэй гаргасан бондын хугацаа дуусч, Засгийн газрууд өрөө илүү өндөр хүүгээр дахин санхүүжүүлэх үед төсөвт нөлөөлөл нь аажмаар нэмэгддэг.
АНУ, Япон, Франц, Их Британийн дунд болон урт хугацаат Засгийн газрын бондын өгөөж сүүлийн арав гаруй жилийн дээд түвшинд хүрчээ. IIF эдгээр улсад тогтмол төсвийн алдагдал, нэмэгдэж буй хүүгийн зардал зэрэг өмнө нь өрийн хүндрэлтэй хөгжиж буй орнуудтай түлхүү холбон тайлбарладаг сорилтууд ажиглагдаж буйг тэмдэглэв.
Энэ бүхэн өрхийн амьжиргаа, бизнесийн өсөлтөд ч нөлөөтэй
“Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” буюу OECD-ийн есдүгээр сарын төлөвөөр “Их долоо”-гийн зургаан улсын 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 15 болон түүнээс олон жилийн дээд түвшинд хүрсэн байна.
Урт хугацаатай бондын өгөөж нэмэгдэх нь зөвхөн төсвийн асуудал биш юм. Засгийн газрын бондын өгөөж бусад зээлийн суурь үнэлгээнд нөлөөлдөг тул компаниудын санхүүжилт, ипотекийн болон өрхийн бусад зээлийн хүү өсөх суваг болдог. OECD урт хугацаатай бондын өгөөжийн цаашдын өсөлт төсвийн зардлыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засаг даяарх зээлийн өртгийг өсгөнө гэж анхааруулжээ. Тиймээс төсвийн тогтвортой байдалд эргэлзэх болгоомжлол, хиймэл оюуны компаниудын их хэмжээний бондын нийлүүлэлт болон мөнгөний хатуу бодлого үргэлжлэх хүлээлтийг өгөөж өсгөх гол эрсдэлээр нэрлэсэн байна.
Богино хугацааны шийдэл урт хугацаанд зардлыг өсгөж болзошгүй
IIF сонгуулийн мөчлөг, түр зуурын арга хэмжээ болон шийдвэрлэгдээгүй урт хугацааны төсвийн асуудлууд харилцан бие биеэ тэтгэх “харгис мөчлөг” үүсгэж болзошгүйг анхааруулав. Өрийн хэмжээ өсөхийн хэрээр нэмэлт зээлээс хүртэх эдийн засгийн өгөөж буурч байхад хүүгийн төлбөр нэмэгдэх эрсдэлтэй гэж тус байгууллага үзжээ.
OECD Засгийн газруудад зардлын өсөлтийг хязгаарлан, хөрөнгийг илүү үр ашигтай чиглэлд дахин хуваарилах, төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, татварын орлогын суурийг бэхжүүлэхийг зөвлөсөн байна. Зардлыг бүхэлд нь жигд танах бус, боловсрол, ур чадвар, дижитал дэд бүтэц зэрэг урт хугацааны өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг хамгаалах шаардлагатайг тус байгууллага онцолжээ.
Олон улсын валютын сангийн удирдах захирал Кристалина Георгиева өрийн хэмжээ эдийн засгийн томоохон хямрал бүрийн дараа шат ахиж, эргээд төдийлөн буурахгүй байгааг анхааруулсан байна. Тэрбээр Засгийн газрууд төсвийг тогтворжуулах дунд хугацааны бодитой төлөвлөгөө гаргаж, төв банкууд үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо үргэлжлүүлэх шаардлагатай гэж мэдэгдэв. ОУВС-ийн албан ёсны мэдэгдэлд дэлхийн улс орнуудын өр ДНБ-ий бараг 100 хувьтай тэнцэж, дэлхийн II дайны дараах дээд түвшнээс давсныг дурджээ.
Холбоотой мэдээ

Швейцарын төв банк бодлогын хүүгээ 0 хувьд хэвээр үлдээлээ
Энэ нь инфляц болон франкийн ханшийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэн ажиглах дохио юм. Швейцарын инфляц наймдугаар сард 0.8 хувьд хүрсэн ч төв банкны 0-2 хувийн зорилтот хүрээнд байна.

З.Мэндсайхан: "Оюутолгой"-н ногдол ашгийн ₮1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн
Засгийн газар 2027 онд “Оюутолгой” компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсвийн төсөлд тусгасан тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Бизнесийн зээлийн өсөлт хэрэглээнийхээс өндөр байна: Нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй ангилалд багтжээ
Монголын банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл наймдугаар сард 48.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 14.3 хувиар өслөө.


Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг жилд $5.5 тэрбумд хүргэх зорилт тавилаа
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилийн орох урсгалыг 2026 онд $4.5 тэрбум, 2027 онд $5 тэрбум, 2028 онд $5.5 тэрбумд хүргэх зорилт тавьжээ.
