Дунд насанд илрэх сэтгэл гутралын зарим шинж тэмдэг дементийн эрсдэлийг илтгэдэг байж магадгүй
Демент буюу тархины зөнөгрөлийн эхний шинж тэмдэг ой санамж муудахаас өмнө зан ааш, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлт гэх зэрэг байдлаар илэрч болохыг Их Британийн урт хугацааны судалгаа харуулжээ.

Демент буюу тархины зөнөгрөлийн хамгийн танил шинж нь ой санамж муудах. Гэхдээ үүнээс олон жилийн өмнө хүний зан ааш, сэтгэл хөдлөл болон өдөр тутмын асуудалд хандах байдал өөрчлөгдөж эхэлж болохыг “University College London” буюу “UCL”-ийн судлаачид тогтоожээ.
“The Lancet Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Их Британийн 5,811 хүнийг дунджаар 22 гаруй жил ажигласан байна. Судалгаа эхлэх үед оролцогчид 45-69 настай, дементийн оношгүй байжээ. Харин ажиглалтын хугацаанд 586 хүн демент эмгэгээр оношлогдсон байна.
Ямар өөрчлөлтүүд ажиглагдсан бэ?
Судлаачид дунд насанд илэрсэн сэтгэл санаа, зан төлөвтэй холбоотой 30 шинжийг судлахад зургаа нь хожим дементитэй болох эрсдэл өндөр байсантай холбоотой гарчээ.
Хамгийн тод холбоо нь өөртөө итгэх итгэл буурах байв. Ийм өөрчлөлттэй хүмүүсийн дементийн эрсдэл бусдаас 51 хувиар өндөр байжээ.
Мөн дараах өөрчлөлтүүд ажиглагдсан байна:
Өдөр тутмын асуудлыг даван туулахад хэцүү болох;
Бусдад халуун дулаан хандах нь багасч, хөндийрөх;
Байнга сандарч, түгших;
Хийсэн зүйлдээ сэтгэл ханахаа болих;
Анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болох.
Өөрөөр хэлбэл гэр бүлийнхэн нь хамгийн түрүүнд “юм мартдаг болсон” гэхээс илүүтэй “өмнөхөөсөө өөр хүн шиг болсон” гэдгийг анзаарч болохыг судалгаа харуулж байна.
Шинж тэмдэг илэрлээ гээд дементитэй гэсэн үг биш
Гэхдээ судлаачдын анхааруулж буй хамгийн чухал зүйл нь дээрх шинжүүдийг дементийн онош гэж ойлгож болохгүй юм.
Өөртөө итгэлгүй болох, түгших, бусдаас хөндийрөх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг өөрчлөлт стресс, сэтгэл гутрал, цэвэршилт болон амьдралд тохиолдсон томоохон үйл явдлаас ч шалтгаалж болно. Харин өмнө нь байгаагүй зан төлөвийн өөрчлөлт шинээр гарч, удаан хугацаанд үргэлжлэх нь илүү анхаарах дохио гэж судлаачид үзжээ.
“UCL”-ийн профессор Гилл Ливингстон болон түүний хамтран ажилласан судлаачдын тооцоогоор дементийн тохиолдлын 45 орчим хувь нь амьдралын хэв маяг болон өөрчлөх боломжтой бусад эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой байж болзошгүй.
Тиймээс тогтмол хөдөлгөөн хийх, бусадтай харилцаатай байх, цусны даралт болон холестериноо хянах, тамхинаас татгалзах, сэтгэл гутралыг эмчлүүлэх зэрэг алхам нь дементийн эрсдэлийг бууруулахад чухал гэж судлаачид үзэж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





