Өдөр бүр кофе ууж, жимс идэх нь эсийн хөгшрөлтийг удаашруулдаг байж магадгүй
Жимс, кофе, цай, какао түлхүү хэрэглэдэг хүмүүсийн эсийн хөгшрөлтийн нэг үзүүлэлт харьцангуй сайн байсныг шинэ судалгаа харуулжээ.

Жимс, кофе, цай, какао зэрэг хүнсийг тогтмол хэрэглэх нь эсийн хөгшрөлт удаашрахтай холбоотой байж болохыг Испанийн “Наваррагийн их сургууль”-ийн шинэ судалгаа харуулжээ.
Судлаачид 1,700 гаруй насанд хүрэгчийн хооллолтыг судалж, теломерын уртыг хэмжсэн байна. Теломер гэдэг нь бидний ДНХ-г хамгаалдаг хэсэг бөгөөд нас ахих тусам аажмаар богиносдог.
Судалгаагаар полифенол хамгийн их хэрэглэдэг хүмүүсийн богино теломертой байх эрсдэл хамгийн бага хэрэглэдэг хүмүүсийнхээс 52 хувиар бага байжээ.
Полифенол нь жимсгэнэ, алим, кофе, цай, какао зэрэг ургамлын гаралтай хүнсэнд байдаг байгалийн нэгдэл юм.
Өдөрт дөрөв, тав орчим жимс иддэг хүмүүсийн богино теломертой байх эрсдэл жимс бага хэрэглэдэг хүмүүсийнхээс 29 хувиар бага гарсан байна. Харин өдөрт нэг орчим аяга кофе уудаг хүмүүсийн эрсдэл кофе огт уудаггүй хүмүүсийнхээс 26 хувиар бага байжээ.
Гэхдээ судалгааны ахлах зохиогч Изабелла Кури Гузманий хэлснээр аль нэг хүнсийг “хөгшрөлтийн эсрэг” бүтээгдэхүүн гэж ойлгож болохгүй юм. Харин жимс, хүнсний ногоо зэрэг ургамлын гаралтай хүнсийг тогтмол хэрэглэх нь эрүүл хөгшрөлтөд тустай байж болохыг үр дүн харуулжээ.
Гэхдээ судлаачид нэг чухал зүйл анхааруулсан байна. Жимс их иддэг хүмүүс ерөнхийдөө илүү эрүүл хооллодог байж болох тул сайн үр дүнг зөвхөн полифенолтой холбож болохгүй.
Тиймээс өдөрт нэг аяга кофе уух эсвэл заавал дөрөв, таван жимс идэх нь хөгшрөлтийг удаашруулна гэж уг судалгаагаар батлаагүй. Харин төрөл бүрийн жимс, хүнсний ногоог өдөр тутмын хоолондоо түлхүү оруулах нь эрүүл хооллолтын энгийн сонголт хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





