egov.mn

"Emmy Awards" ирэх жилээс “Prime Video”-д бүрэн шилжинэ

“Amazon” болон Телевизийн академи 2027 оноос "Emmy Awards"-ыг “Prime Video”-оор онцгой эрхтэй дамжуулах зургаан жилийн гэрээ байгууллаа.

Хуваалцах
"Emmy Awards" ирэх жилээс “Prime Video”-д бүрэн шилжинэ

АНУ-ын технологи, цахим худалдааны “Amazon” компани болон Телевизийн академи 2027 оноос "Emmy Awards"-ыг “Prime Video” стриминг платформоор онцгой эрхтэй дамжуулахаар болсныг мягмар гарагт зарлалаа.

Зургаан жилийн хугацаатай гэрээний хүрээнд "Emmy Awards"-ыг дэлхийн 240 гаруй улс, бүс нутагт “Prime Video”-оор хүргэнэ. Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг талууд нийтэд мэдээлээгүй байна.

Шинэ тохиролцоогоор "Emmy Awards" олон арван жилийн турш АНУ-ын томоохон эфирийн телевизүүдээр дамжиж ирсэн загвараасаа татгалзаж, нэг стриминг платформ дээр тогтмол байршихаар болжээ.

Захиалгагүй хэрэглэгчид ч үнэ төлбөргүй үзнэ

Гэрээний анхаарал татах нэг нөхцөл нь "Emmy Award"s зөвхөн “Prime Video”-ийн төлбөртэй хэрэглэгчдээр хязгаарлагдахгүй явдал юм. Жил бүрийн шагнал гардуулах ёслолыг захиалга өгөөгүй хэрэглэгчид ч үнэ төлбөргүй үзэх боломжтой байхаар талууд тохиролцжээ.

Ингэснээр уламжлалт эфирийн телевизийн өргөн хүртээмжийг стриминг орчинд хадгалахын зэрэгцээ тус ажиллагааг олон улсын үзэгчдэд нэг платформоор зэрэг хүргэх боломж бүрдэнэ.

Телевизийн академи дэлхийн үзэгчдэд хүрэх боломжийг гэрээний гол ач холбогдлын нэгээр нэрлэжээ. Тус байгууллагын мэдээлснээр телевизийн контент урьд өмнөхөөс илүү олон улсын шинжтэй болсон тул "Emmy Awards"-ыг дэлхийн үзэгчид хамтдаа үзэх нөхцөлийг өргөжүүлэх шаардлагатай болсон байна.

“Prime Video”-д тогтмол байрших нь "Emmy Awards"-ын хүрээг тэлэхээс гадна Телевизийн академийн жилийн турш хэрэгжүүлдэг үйл ажиллагааг илүү өргөн үзэгчдэд хүргэх боломж олгоно гэж академи онцолжээ.

Томоохон телевизүүдийн ээлж дуусна

"Emmy Awards"-ыг ABC, CBS, NBC болон Fox сувгууд олон жилийн турш ээлжлэн дамжуулж ирсэн. “Wheel deal” гэж нэрлэгддэг уг тогтолцоо дор хаяж 1994 оноос хэрэгжиж, хамгийн сүүлийн найман жилийн гэрээ 2026 онд дууссан байна.

2026 оны "Emmy Awards"-ыг “Comcast”-ийн эзэмшлийн NBC суваг дамжуулсан бол 2027 оноос нэвтрүүлгийн эрх “Prime Video”-д бүрэн шилжинэ.

Уг өөрчлөлт нь үзэгчид уламжлалт эфир болон кабелийн телевизээс стриминг үйлчилгээ рүү шилжихийн хэрээр томоохон платформууд спорт, шагнал гардуулах ёслол зэрэг шууд үзэгч татах контентын эрхийн төлөө өрсөлдөх болсон үеэр гарч байна.

“Netflix” 2024 оноос "SAG Awards"-ыг онцгой эрхтэй дамжуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ Кино урлаг, шинжлэх ухааны академи өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Alphabet”-ийн “YouTube” болон “YouTube TV”-тэй Оскарын шагналыг шууд дамжуулах медиа эрхийн гэрээ байгуулж, 2029 оноос ABC сувгийг орлуулахаар болсон.

"Emmy Awards" “Prime Video”-д шилжсэнээр телевизийн салбарын хамгийн өндөр үзэлттэй уламжлалт арга хэмжээнүүд стриминг платформуудын үзэгч татах өрсөлдөөний чухал хэсэг болж буй чиг хандлага улам тодорч байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Emmy Awards 2027 оноос Prime Video руу шилжиж, телевизийн уламжлалт дамжуулалтын эргэлт дуусна
Энтертайнмент бизнес

Emmy Awards 2027 оноос Prime Video руу шилжиж, телевизийн уламжлалт дамжуулалтын эргэлт дуусна

Emmy Awards 2027 оноос цацагдах телевизийн сүлжээнээс гарч Prime Video руу шилжихээр боллоо Гэрээ нь зургаан жилийн дэлхий даяарх онцгой стриминг бөгөөд 240 гаруй улсад үнэ төлбөргүй үзүүлнэ Энэ…

2 мин унших
Stray Kids Грэммийн шагналд бүтээлээ нэр дэвшүүлэхээс татгалзсанаа мэдэгдэж, шинэ ангиллын маргааныг хурцатгав
Энтертайнмент бизнес

Stray Kids Грэммийн шагналд бүтээлээ нэр дэвшүүлэхээс татгалзсанаа мэдэгдэж, шинэ ангиллын маргааныг хурцатгав

Stray Kids 2027 оны Грэммийн шагналд оролцохоос татгалзсанаа мэдэгдэж, шинэ ангиллын маргааныг сөхөв JYP Entertainment нь 'Грэммийн шагналд Stray Kids бүтээлээ нэр дэвшүүлэхгүй' гэж мэдэгдсэн, нэр…

3 мин унших
Жэй-Зигийн хөрөнгө оруулалтын компани Рианнагийн “Fenty Beauty”-ийн 50 хувийг худалдан авч магадгүй
Энтертайнмент бизнес

Жэй-Зигийн хөрөнгө оруулалтын компани Рианнагийн “Fenty Beauty”-ийн 50 хувийг худалдан авч магадгүй

Jay-Z-ийн хамтран байгуулсан Marcy Pen Capital Partners Fenty Beauty-ийн 50 хувийг худалдан авах хэлцэлд ойртжээ. Худалдах гэж буй хувийг Францын тансаг хэрэглээний LVMH эзэмшдэг.

1 мин унших