Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллана
Казах иргэдийн монгол хэлний боловсрол, нийгмийн оролцоотой холбоотой асуудал сүүлийн үед дахин анхаарлын төвд ороод байна. Баян-Өлгий дэх казах иргэдийн нийгмийн халамжийн зарцуулалт энэ долоо хоногт УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулав. Газар зүйн нэршил, үндэстний цөөнхийн хэл, соёлыг хадгалах асуудал ч бодлогын түвшинд хөндөгдөж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах болжээ. Одоогоор уг ажлын тов, дэлгэрэнгүй хөтөлбөр болон Ерөнхийлөгч орон нутагт ямар асуудлуудад төвлөрөх талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байна.
Баян- Өлгий аймаг болон Монголын казах иргэдтэй холбоотой хэд хэдэн асуудал олон нийтийн хэлэлцүүлэгт зэрэг орж ирсэн энэ үед Монгол Улсын эв нэгдлийн бэлэгдэл болсон Ерөнхийлөгч тус аймагт ажиллах болж байна.
Тухайлбал, үндэстний цөөнхийн хүүхдүүдийн монгол хэлний боловсролын асуудал олон жилийн турш боловсролын салбарын бодлогын нэг сэдэв байсаар ирсэн. Баян-Өлгийд бага боловсролоо эх хэлээрээ эзэмшиж буй хүүхдүүдэд зориулсан монгол хэлний тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, монгол-казах хэлний сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж ирсэн байдаг. Боловсролын яамны мэдээллээр 2026 онд шинэчилсэн бага боловсролын хөтөлбөрт үндэстний цөөнхийн хүүхдүүдийн казах, тува хэлний сургалтыг тусгайлан тусгажээ.
Үүний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн газар зүйн нэршлийн асуудал парламентын түвшинд хэлэлцэгдэж байсан юм. УИХ энэ оны зургаадугаар сард үндэсний хэл, соёлын өвийг хамгаалах бодлогоор тус аймгийн 12 сумын нутаг дахь 319 газар зүйн нэрийг монгол хэлээр сэргээх, 47 уламжлалт нэрийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэсэн.
Мөн Монгол, Казахстаны харилцааны хүрээнд Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар байгуулах асуудал энэ зун нийгмийн маргааны голлох сэдэв болсон юм. Олон нийтийн сүлжээнд уг асуудлыг Монгол Улсын бүрэн эрх, иргэний харьяалалтай холбон шүүмжилсэн байр суурь гарсны дараа Гадаад харилцааны яам тусгай тайлбар хийж, консулын байгууллага байгуулах нь нутаг дэвсгэр болон иргэний харьяаллыг өөрчлөхтэй холбоогүй, олон улсын эрх зүйн хүрээнд хэрэгждэг дипломат харилцааны нийтлэг хэлбэр гэдгийг мэдэгдсэн байдаг.
Харин хамгийн сүүлд нийгмийн халамжийн зарцуулалттай холбоотой хэлэлцүүлэг УИХ-ын танхимд өрнөх үеэр гишүүдийн дунд талцсан маргаан дэгдсэн юм.
Ийнхүү хэл, боловсрол, нийгмийн халамж, газар зүйн нэрээс эхлээд Казахстантай харилцах дипломат асуудал хүртэл нэг дор олон нийтийн анхааралд орсон үед Ерөнхийлөгч Баян-Өлгийд ажиллахаар болж байна.
У.Хүрэлсүх хамгийн сүүлд 2026 оны гуравдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярын арга хэмжээнд оролцох үеэрээ эв нэгдлийг эрхэмлэж, улс орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байсан юм.
Тиймээс энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлуудын аль нэгийг Ерөнхийлөгч хөндөх эсэх, үндэстний цөөнхийн хэл, боловсрол, нийгмийн оролцоо болон орон нутгийн хөгжлийн талаар ямар байр суурь илэрхийлэх нь анхаарал татаж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





