Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ховд аймагт Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцана. Баян-Өлгийд Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцох юм байна. Өлгий хотод иргэд болон боловсролын салбарын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар байна.
Ерөнхийлөгч Ховд аймагт ажиллах үеэрээ баруун бүсийн эрчим хүчний хангамжид чухалд тооцогдож буй Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцана. Мөн орон нутгийн иргэдтэй уулзаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй бодлого, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Харин есдүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллана. Энэ үеэр Бөхөн ууланд Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцохоор хөтөлбөрт тусгасан байна.
Мөн Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, Өлгий сумын ерөнхий боловсролын II сургуульд ажиллан, багш, сурган хүмүүжүүлэгч болон ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн Баян-Өлгийд ажиллах үе нь тус аймаг дахь монгол хэлний боловсрол, үндэстний цөөнхийн хэл, соёл, нийгмийн халамж болон газар зүйн нэршилтэй холбоотой асуудлууд олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй хөндөгдөж буй үетэй давхцаж байна. Тухайлбал Баян-Өлгий дэх нийгмийн халамжийн зарцуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд саяхан байр суурь зөрөлдсөн бол казах хүүхдүүдийн монгол хэлний боловсролын асуудал ч анхаарал татаж байгаа юм.
Энэ хүрээнд Ерөнхийлөгч Өлгий сумын сургуульд ажиллаж, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ дээрх асуудлуудаас хөндөх эсэх нь анхаарал татаж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





