Европын Холбоо Ираныг санхүүгийн системээс тусгаарлах АНУ-ын кампанит ажилд нэгджээ
Европын Холбоо Ираныг дэлхийн санхүүгийн системээс тусгаарлах зорилготой “Operation Economic Outcast” кампанит ажилд нэгдсэнийг АНУ-ын Сангийн яамны яам сайшаалаа. Вашингтон Ирантай холбоотой гүйлгээг зуучилсан банк, санхүүгийн байгууллагыг ам.долларын системээс салгах хоёрдогч хоригийг үе шаттай чангатгахаар төлөвлөжээ. Санхүүгийн хязгаарлалт тээвэр, ложистикийн сааталтай давхцаж байгаа нь газрын тосны ханш, тээврийн зардал болон Ирантай төлбөр тооцооны холбоотой компаниудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Европын Холбоо Ираны эсрэг АНУ тэргүүлсэн “Operation Economic Outcast” эдийн засгийн кампанит ажилд албан ёсоор нэгдлээ. АНУ-ын Сангийн яамны сайд Скотт Бессент Европын талын “эрт, шийдэмгий байр суурь”-ийг сайшааж, Тегераны олон улсын санхүүгийн системд нэвтрэх боломжийг цаашид хязгаарлахаа мэдэгдэв.
Европын Холбоо наймдугаар сарын 31-нд Брюссельд гаргасан мэдэгдэлдээ Тегераны “тогтворгүйжүүлэх үйл ажиллагаа”-г зогсоох, энхийн яриаг сэргээх хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлсэн. Үүний зэрэгцээ Ираны эсрэг нэмэлт эдийн засгийн арга хэмжээг дэмжсэнээр Вашингтоны эхлүүлсэн кампанит ажлын олон улсын хүрээ тэлж байна.
Бессент өмнө нь “Ираны дэглэмийн үлдсэн санхүүгийн бүх гарцыг хаах хүртэл” ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Тэрээр “Иран” дэлхийн санхүүгийн системийг цөмийн болон зэвсгийн хөтөлбөр, бүс нутаг дахь холбоотон зэвсэгт бүлгүүдээ санхүүжүүлэхэд ашиглах боломжийг таслан зогсоох нь АНУ болон холбоотнуудын зорилго гэж тайлбарлажээ.
Хоёрдогч хориг банкуудын эрсдэлийг нэмэгдүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа наймдугаар сарын сүүлээр эхлүүлсэн “Operation Economic Outcast”-ыг Ираны дижитал хөрөнгө, дэвшилтэт технологийн худалдан авалт, алтны нөөц, иргэний нисэх болон тээврийн салбарт чиглүүлжээ.
Вашингтон цаашид хоёрдогч хоригийг тогтмол өргөжүүлж, эхний ээлжид банк санхүүгийн байгууллагуудад төвлөрөхөө анхааруулсан. Ирантай холбоотой хориглосон гүйлгээг зуучилсан байгууллагыг ам.долларын санхүүгийн системээс салгах боломжтой тул эрсдэл зөвхөн Ираны компаниудаар хязгаарлагдахгүй. Тегерантай худалдаа, санхүүжилт, төлбөр тооцооны хэлхээнд оролцдог гуравдагч орны банкууд болон компаниудад ч хамаарна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцэж, Вашингтоны явуулж буй бодлогыг “эдийн засгийн терроризм” хэмээн шүүмжилжээ. Түүний хэлснээр Европын Холбоо “өөрийн бүрэн эрх, хууль журам, үнэт зүйлсээ АНУ-ын шахалтад буулгаж өгсөн” байна.
Ормузын хоолойн саатал бодит секторын эрсдэлийг нэмэгдүүлэв
Санхүүгийн хориг тээврийн хязгаарлалттай давхцаж байгаа нь эрчим хүч, ложистикийн зах зээлд илүү шууд нөлөөлж эхэллээ. Ормузын хоолойгоор дамжих тээвэр саарч, АНУ тэнгисийн бүслэлтийн хүрээнд Ираны боомтуудад орж, гарах хөлөг онгоцны хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа талаар мэдээлсэн.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр нийт 87 арилжааны хөлгийн чиглэлийг өөрчилж, гурван хөлгийг ажиллагаагүй болгож, хоёрыг шалгажээ.
Ормузын хоолой дахь тээврийн саатал болон Ираны эсрэг санхүүгийн хязгаарлалт зэрэгцэн өргөжсөнөөр “Operation Economic Outcast”-ын нөлөө банк санхүүгийн салбараас хальж, эрчим хүч, далайн тээвэр болон олон улсын төлбөр тооцоонд хүрч байна. Цаашид хоёрдогч хориг хэр өргөн хэрэгжих, банкууд Ирантай холбоотой гүйлгээнээс хэр хурдтай татгалзах нь кампанит ажлын зах зээлд үзүүлэх нөлөөг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болохоор байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





