Хүйтний улиралд 22 хүүхэд эндсэн байхад УИХ хаврын морин уралдааныг хүүхэд оролцуулан сэргээх төслийг дэмжих үү?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын хурдан морины уралдаанд 14 наснаас эхлэн оролцохыг зөвшөөрөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Санал хураалтад оролцсон 19 гишүүний 10 нь дэмжжээ.

УИХ хаврын хурдан морины уралдаанд 14–17 настай хүүхэд оролцуулахыг зөвшөөрөх төсөл хэлэлцэх гэж байна. Хоригийн хэрэгжилт сул байгааг төсөл санаачлагчид үндэслэл болгожээ. Гэвч төр хяналтаа сайжруулахын оронд хүүхдийг дахин гаргуунд нь гаргах уу?
Энэ оны хоёрдугаар сарын 12-нд Хөвсгөлийн Галт суманд 11 настай хүү морины ажил хийж яваад унаж, амиа алдсан. Тэр өдөр морин уралдаан болоогүй. Ослын дараа есдүгээр сард анхан шатны шүүх уяачид зорчих эрхийг хязгаарлах ял оноосныг Child.mn мэдээлжээ. Хүүгийн эндсэн нөхцөл нэг чухал асуултыг гаргаж тавьж байна. Уралдааны өдөр замаа засч, эмнэлгийн баг гаргана гэж байгаа бол тэр гараанд бэлтгэх хүүхдийг өмнөх өдрүүдэд хэн хамгаалах вэ?
Хориннэгдүгээр зуунд Ромын баячууд мэсчин боолуудын үхлийг харж баясдаг байсан “зэрлэг зугаа” шиг хөөрхий бяцхан хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндээр наадсаар байх уу?
Арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо У.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн. Уг санал хураалтад оролцсон 19 гишүүний 10 нь дэмжжээ. Хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагт нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ өдөр бол НҮБ “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг батлагдсан “Дэлхийн хүүхдийн өдөр”юм. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа энэ давхцлыг сануулж, төслийг дэмжихгүй байхыг гишүүдэд уриалж байлаа.
Нэг удаагийн уралдаанд гэхэд л 16 хүүхэд унаж, гурав нь хүнд гэмтсэн
Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллийг ХЭҮК энэ оны хоёрдугаар сард танилцуулахдаа 2014–2024 онд хурдан мориноос унаж 46 хүүхэд амиа алдсан гэж мэдэгдсэн. Тэдний 22 нь арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд энджээ.
Хурдан морь унаач хүүхдүүдийн гэмтлийн мэдээлллийг ГССҮТ-ийн бүртгэлээс харж болно. Тус төвд 2012 онд мориноос унаж эмчлүүлсэн 326 хүүхдийн 55.2 хувь нь дээд мөчөө, 22.3 хувь нь тархиа гэмтээсэн гэсэн мэдээлэл байна. Ганцхан жилийн хугацаанд ГССҮТ-д эмчлүүлсэн хурдан морьноос унаж гэмтсэн хүүхдүүдийн тоо 326 байгаа нь эрхгүй нэгийг сануулахгүй байна гэж үү? Үүн дээр гэмтэлд ирж эмчлүүлээгүй хүүхдүүд ч байхыг үгүйсгэхгүй. Харин өнгөрсөн оны улсын хэмжээний бүртгэлээр 613 уралдаанд 343 хүүхэд мориноос унаж, 88 нь хөнгөн, тав нь хүнд гэмтжээ.
Далд сунгааг ил болгох нэрээр өвөл хаврын уралдааныг хуульчлан, зөвшөөрөх нь зөв үү?
Төсөл санаачлагч Ц.Даваасүрэн байнгын хорооны хуралдаанд хоригийн хугацаанд уралдаан, сунгаа далд явагдаж, хүүхдүүд хамгаалалт, хяналтгүй үлддэг гэж тайлбарласан. У.Отгонбаяр ч ийм уралдааныг зохицуулах замаар хүүхдийн эрхийг хамгаална гэж үзэж буйгаа хэлжээ. Тэрбээр морин уралдаан хөдөөгийн залууст урам зориг өгдөг гэсэн байр суурийг ч илэрхийлэв. Далд уралдаан болдог гэх тайлбар нь хяналтаа чангатгах шалтгаан болохоос 14 настай хүүхдийг хүйтний улиралд олон километр замд уралдуулахыг зөвтгөх шалтгаан болж чадахгүй баймаар.
Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар аймаг, нийслэлд жил бүр хаврын уралдаан зохион байгуулж, Засгийн газар товыг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор тогтооно. Азарга, соёолон 16–17 км, их насны морь 18–19 км зам туулна. Зохион байгуулагчид замаа засаж, уралдаанчийг хамгаалах хувцас, даатгалтай байлгаж, зам дагуу эмнэлгийн тусламж байрлуулах шаардлагатай. Хувцас, хэрэгслийн стандартад хүүхдийн эрхийн байгууллага болон уяачдын эрх ашгийг хамгаалдаг байгууллагын саналыг тусгахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ ослын эрсдэлийг бууруулахад тустай мэт уншигдавч хамгаалах хувцас морийг бүдрэхээс сэргийлэхгүй. Түргэн тусламж хүүхэд унасны дараа очно. Даатгалын нөхөн төлбөр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эргүүлж өгөхгүй шүү дээ.
Сарын хөлсний цаана хүүхэд сургууль завсардах эрсдэл бий
Child.mn-ийн «Унаач хүүхэд» баримтат нэвтрүүлэгт нэг хүүхэд сард 500 мянган төгрөгийн хөлсөө ээждээ өгдөг, тэр мөнгөөр дүүг нь эмчлүүлдэг тухай ярьжээ. Нэвтрүүлгийг дагалдсан хэлэлцүүлэгт зарим хүүхэд сард 500 мянгаас 1.5 сая төгрөгийн хөлс авч, гэрээсээ хол уяачийнд амьдардаг талаар дурдсан байна. Нэвтрүүлгийн баг нэгдүгээр ангиасаа хойш таван жил сургууль завсардсан хүүхэдтэй уулзжээ. “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан Налайх дүүрэгт хурдан морь унадаг нэг айлын хоёр хүүхэд сургуулиас завсардсан тохиолдлыг хэлэлцүүлгийн үеэр дурджээ. Дүүгийнх нь эмчилгээ унаачийн хөлснөөс хамаарч байхад хүүхэд өөрөө морь унахаас татгалзаж чадах уу? Угтаа бол энд мөн давхар эцэг эх байх эрхийн тухай ч хөндөгдөх ёстой юм. Цаашлаад хурдан морь уралдуулах бизнест амьжиргаа тааруу өрхийн хүүхдүүд хэрхэн оролцож байгааг судлах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.
Мөн гэрээсээ хол морь унаж буй хүүхдийн амьдрах нөхцөл, хараа хяналтыг судлах шаардлага ч байна. Түүнчлэн уралдах морь нь бүртгэлтэй атлаа унаач хүүхэд нь бүртгэлгүй байх тохиолдлыг, “Хүй долоон худаг”-т ажилласан нийгмийн ажилтан хүүхдийн аюулгүй байдлаас морины амжилтыг урьтал болгох хандлага ажигласнаа ярьжээ.
Гэвч энэ бүх ноцтой асуудалд хүүхдийн төлөө төрийн байгууллагууд тодорхой байр суурьгүй өдийг хүрч байна.
Уламжлалт соёлын өв гэж халхавчилж, хүүхдийн амиар зугаа хийсээр байх уу?
ЮНЕСКО долдугаар сарын 11–13-нд тэмдэглэдэг Монгол наадмыг хурдан морь, бөх, сурын харваа бүхий соёлын өвөөр бүртгэсэн. Харин Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд морин уралдаан уламжлалт баяр наадмын хүрээнээс тэлж, өвөл, хавар ч зохион байгуулдаг, ашиг орлогын зорилготой үйл ажиллагаа болсныг тэмдэглэжээ. Монгол уламжлал өв соёл гэдэг сүржин далбаан дор заавал хүйтний эрч хариагүй өвөл, хаврын улиралд буюу Сар шинийн үеэр хүүхдээр хурдан морь унуулж, аймаг, нийслэлд их хэмжээний бай шагналтай уралдаан зохион байгуулахгүй байлаа гээд Монгол уламжлал гээгдэж үрэгдчихгүй . Улсын наадмаараа хоёр гурван сарын турш улс даяараа аймаг сум алгасан уралддаггүй билүү?
Энэхүү хуулийн төсөл эдийн засгийн ямар ашиг сонирхлыг хөндөж байгааг ч ил тод ярих ёстой. АТГ-ын хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллээр бол төсөл санаачлагч П.Ганзориг 2025 онд 268 адуу, 57 үхэр, 63 хонь, нийлээд 1.1 тэрбум төгрөгийн мал мэдүүлжээ. Харин 2024 оны мэдүүлгийн нэгтгэлд У.Отгонбаяр 50 сая төгрөгөөр үнэлсэн хурдан удмын 10 адуу мэдүүлсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр зайлшгүй тодруулах ёстой зүйл бол санаачлагчдын хэн нь адууны үржүүлэг, худалдаа, уралдаан зохион байгуулалтаас орлого олдог, төслийн талаар шийдвэр гаргахад ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой эсэх юм.
УИХ зөвшөөрөл олговол шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө хариуцна
2017 оны «Дүнжингарав»-ыг зохион байгуулах шийдвэрийг иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд өгч, хэрэг гурван шатны шүүхээр явсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дурдсанаар, Улсын дээд шүүх 2018 онд аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулах, уралдаан болон бэлтгэлд хүүхдээр морь унуулахыг хориглосон акт гаргахыг Засгийн газарт даалгажээ. Үүний мөрөөр Засгийн газар 2019 онд арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглосон. 2025 онд энэ заалтыг өөрчилж, тухайн хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглохоор тогтоосон. Засгийн газар одоогийн төслийг энэ хамгаалалт, дотоодын хууль, олон улсын үүрэгтэй нийцэхгүй гэж үзэн бүхэлд нь дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн түүхтэй.
Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг энэ оны аравдугаар сарын 29-нд албан мэдэгдэл гаргаж, хэт хүйтэн, цас мөстэй зам, уралдааны хол зай, өндөр хурд хүүхдэд ноцтой эрсдэл учруулдгийг онцолжээ. НҮБ-ын энэхүү анхааруулга 14–17 насныханд ч хамаарна. Тэд аюултай хөдөлмөрөөс хамгаалуулах эрхтэй бөгөөд уралдааны бэлтгэл, оролцоо нь хичээл завсардах, сурлагын амжилт буурахад хүргэж болзошгүй гэж үзэн ХЭҮК уг төслийг дэмжихгүй саналаа арваннэгдүгээр сарын 16-нд албан бичгээр хүргүүлжээ. Хүүхдийг Ивээх Сангаас ч хүүхэд хамгааллын чиглэлээр гарсан ахицаас ухрах эрсдэлийг хөндөж тавьсан байдаг.
Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохыг зорьж, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хууль эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг. Басхүү Монгол Улс 2017 онд цаазаар авах ялыг халсан. Хүний амийг хамгаалах зарчим осол гарсны дараа хэн хариуцлага хүлээхийг ярихаас өмнө, урьдчилан сэргийлэх боломжтой үед төрийн шийдвэрт хэрэгжих ёстой буйзаа.
Харин маргааш УИХ энэ бүх эрх үүргээ умартан, олон улсын өмнө ч хүлээсэн үүрэг% гаргасан ахицаасаа ухарч хэдхэн гишүүни хувийн ашиг сонирхол, бизнесийг хамгаалах уг хуулийн төслийг дэмжих үгүйг дэлхий даяар ажиглаж байна. Одоо мөрдөж буй хоригийг сунгаа, үсэргээ, бэлтгэлийн үеэс хэрэгжүүлж, сургууль завсардсан хүүхдийг эргүүлэн суралцуулах нь төрийн хийх ажил. “Дэлхийн хүүхдийн өдөр”-өөр УИХ хүүхдийн эрхийг үл хайхарсан хуулийг төслийг дэмжих үү?
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





