Хүнд суртлаас ангид Энэтхэгийн төрийн албан хаагчид цахимд “од” болжээ
Энэтхэгт дүрэм журмыг тууштай мөрдүүлж, төрийн үйлчилгээг шуурхай болгохыг зорьсон зарим албан хаагч сошиал орчинд богино хугацаанд олны танил болж байна.

Энэтхэгт төрийн үйлчилгээний хүнд суртал, удаан назгай байдал, хахуультай холбоотой шүүмжлэл олон жилийн турш үргэлжилсээр байна. Харин дүрэм журмыг тууштай хэрэгжүүлж, иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулахыг зорьсон албан хаагчид гарч ирэхийн хэрээр цахим орчинд богино хугацаанд олны анхаарлыг татах болжээ.
Төрийн удирдлагын чиглэлээр ажилладаг Камал Кант Жасвалын өгүүлснээр, хэвийн ажил “онцгой” юм шиг харагдах хэмжээнд хүрсэн байна. Өдөр тутамд төрийн үйлчилгээ авах гэж иргэдийн хүлээлт буурсан нөхцөлд жижиг өөрчлөлт хүртэл өргөн хүрээний дэмжлэг авах боломжтой болжээ.
Сошиал медиа уг үзэгдлийг улам хүчтэй болгож байна. Үүний нэг жишээ нь Энэтхэгийн Махараштра мужийн Хүнс, эмийн хяналтын газрын комиссар Тукарам Мундхэ гэдэг хүн юм. Тэрбээр тавдугаар сард албан тушаалаа авснаас хойш ресторан болон хүнсний бизнесүүдэд тогтмол шалгалт хийж эхэлжээ.
Шалгалтаар хортон шавж, ариун цэврийн ноцтой зөрчил, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн илэрсэн талаар мэдээлсэн нь сошиал орчинд өргөн тархаж, Мундхэг олны танил болгосон байна.
Тэрбээр мөн эмнэлгүүдийн өргөн хэрэглэдэг зарим хэрэгслийн худалдан авах үнэ болон өвчтөнөөс авдаг төлбөрийн хооронд ихээхэн зөрүү байгааг анхааруулжээ.
Гэхдээ шалгалтын арга барил хүнс, үйлчилгээний салбарын зарим төлөөлөгчийн шүүмжлэлтэй тулгарсан байна. Мундхэ шийдвэрүүдээ баримтад үндэслэдэг бөгөөд зөвхөн ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд бизнесийн лицензийг түдгэлзүүлдэг гэж тайлбарлажээ.
Дүрэм мөрдүүлэх нь маргаан дагуулав
Дели хоттой хил залгаа Гуруграмд дүүргийн хот төлөвлөгч Р.С. Батт хууль бус барилга байгууламж, газар олголттой тэмцсэнээр мөн олон нийтийн анхаарлыг татжээ.
Гэхдээ түүний хэрэгжүүлсэн арга хэмжээ нэг талд сайшаал хүлээсэн ч нөгөө талд маргаан дагуулсан байна. Зарим шүүмжлэгч уг ажиллагаа эмзэг бүлгийн иргэдэд илүү хатуу тусдаг, дүрэм журмыг сонгомол байдлаар хэрэгжүүлдэг гэж үзжээ.
Батт сошиал орчинд өргөн тархсан бичлэгүүддээ үйл ажиллагаагаа хот төлөвлөлтийн дүрмийн хүрээнд явуулдаг гэж тайлбарлаад нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь уг арга хэмжээний нэг зорилго гэж мэдэгджээ.
Ийнхүү дүрэм журмыг тууштай мөрдүүлэх оролдлого нь хууль хэрэгжүүлж буй үйл ажиллагаа гэж дэмжигдэхийн зэрэгцээ бодит нөхцөл, иргэдийн амьжиргааг хангалттай харгалздаг эсэх талаар маргаан үүсгэж байна.
Албан хаагчдад институцийн хамгаалалт хэрэгтэй
Судлаач Пушпа Сундарын үзэж буйгаар шударгаар ажиллахыг зорьсон албан хаагчдыг зөвхөн олон нийтийн дэмжлэгээр хамгаалах боломжгүй. Хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзсан төрийн албан хаагч улс төрийн нөлөөлөл, албан тушаалын шилжилт, томилгооны өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй тул институцийн хамгаалалт шаардлагатай гэж тэр онцолжээ.
Гэр бүл, карьер, санхүүгийн хариуцлагаа эрсдэлд оруулан бие даасан шийдвэр гаргахад албан хаагчдаас ихээхэн зориг шаарддаг гэж Сундар тайлбарласан байна.
Харин иргэдийн хувьд төрийн хэвийн үйлчилгээ ямар хэмжээнд алдагдсаныг Ражеш Сингхийн туршлага харуулжээ. Түүний хэлснээр 24 цагийн дотор шийдэгдэх ёстой ажил тодорхой баталгаагүйгээр зургаан сар хүртэл сунжирсан тохиолдол гарсан байна.
Төрийн албан хаагчид дүрэм журмаа мөрдүүлж, хийх ёстой ажлаа шуурхай гүйцэтгэснээр сошиалын од болж буй үзэгдэл нь зөвхөн хувь хүнийг сайшааж буй хэрэг биш юм. Харин төрийн үйлчилгээ иргэдийн хувьд хүлээлт бус, онцгой тохиолдол мэт болсон системийн доголдлыг олон нийтийн хүчтэй хариу үйлдэл илэрхийлэв.
Үүний зэрэгцээ олны дэмжлэг нэмэгдэхийн хэрээр бизнесийн эсэргүүцэл, дүрэм журмыг хэт хатуу эсвэл сонгомол хэрэгжүүлж байгаа эсэх талаарх маргаан ч өрнөж байна. Сошиал медиа нэг албан тушаалтныг бараг нэг шөнийн дотор улс даяарх хэлэлцүүлгийн төвд авчирч чаддаг болсон ч төрийн үйлчилгээг тогтвортой сайжруулах асуудал эцсийн дүндээ хувь хүний нэр хүндээс илүү институцийн тогтолцооноос хамаарах юм.
Холбоотой мэдээ

Европын холбоо Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдуулан хориг тавилаа
Европын холбооны орнууд Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой хоригийг даваа гарагт өргөтгөлөө.

Кремль Украин Орос руу хийсэн дайралтынхаа үнийг төлж байна гэж мэдэгдлээ
Кремль Украин Орос руу сүүлийн саруудад хийсэн цохилтын хариуд хариу арга хэмжээ авч байна гэж мэдэгдэв.


Каракаст болсон жагсаал Мариа Корина Мачадог эх оронд нь ирүүлэх, шинэ сонгууль шаардав
Каракас болон бусад хотод иргэд Мачадог буцаах, ардчилсан шилжилт эхлүүлэх сонгууль шаардаж жагслаа. Намынх нь мэдээлснээр тэр энэ онд эх орондоо буцахыг долоон удаа оролдсон ч амжилтгүй байна.

Экологийн цагдаагийн алба зөрчлийн шинжтэй гомдлуудыг шалгаж, шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Экологийн цагдаагийн алба улс даяар ирсэн зөрчлийн шинжтэй мэдээллүүдийг шалгаж, хариуцлагын шат руу шилжүүлэв Өнгөрсөн долоо хоногт 41 гомдол мэдээллийг шалгаснаас 21 хэргийг Прокурорын байгууллагад…

АНУ, Хятад хоёр Вашингтонд шоу ихтэй ч ахиц багатай уулзалт хийж, яриагаа үргэлжлүүлэхээр болов
АНУ, Хятад хоёр Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтаар том ахицгүй ч харилцаагаа таслахгүй гэдгээ харууллаа Хоёр тал ойрын хоёр сард хиймэл оюуны яриа хэлэлцээ эхлүүлж, ослын сувгийг байгуулна…