Хууль бусаар хөрөнгөжсөн этгээдийг бүх насаар нь хорих саналыг 100,000 гаруй иргэн дэмжжээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж, тодорхой нөхцөлд бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг 100,207 иргэн дэмжжээ.

Иргэн Б.Болдбаатарын санаачилсан, хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон бол бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг 100,207 иргэн дэмжжээ.
Өргөдлийг 2026 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын Нийтийн өргөдлийн цахим системд бүртгүүлж, аравдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл иргэдийн гарын үсгийг цуглуулсан байна.
Өргөдөл санаачлагч Б.Болдбаатар авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй торгууль, шийтгэл хангалтгүй хэмээн үзсэн байна. Тэрбээр төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын зэрэгцээ 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих зохицуулалттай болгохоор санал болгожээ.
УИХ-ын Нийтийн өргөдлийн системд хуулийн төсөл санаачлах саналтай өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд парламентын түвшинд хэлэлцүүлэх шаардлагыг хангадаг. Иймд уг өргөдлийг холбогдох байнгын хороонд шилжүүлж, цаашдын шийдвэрийг гаргах асуудал яригдахаар байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





