"КАРЕК" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 19 төсөлд $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт татжээ
Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны “КАРЕК” хөтөлбөрийг ахалж, 25 жилийн ойн цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Засгийн газар энэ онд ахалж буй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны “КАРЕК” хөтөлбөрийн 25 жилийн ойн хүрээнд өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сайд нарын бага хурал, хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээ, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумыг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцүүлгүүд худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү болон хөрөнгийн зах зээлийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам үйлдвэр, эрдэс баялаг, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар бүс нутгийн төлөөлөгчидтэй санал солилцжээ. Мөн арга хэмжээний үеэр “Бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
2001 онд хэрэгжиж эхэлсэн “КАРЕК” нь 11 улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр болж өргөжжээ. 2001-ээс 2025 онд хөтөлбөрийн хүрээнд 300 төсөлд 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Монгол Улс 2003 онд “КАРЕК”-т нэгдсэн бол 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсад хөтөлбөртэй холбоотой 19 төсөлд 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дийлэнх нь тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа болон логистикийн дэд бүтцэд чиглэжээ.
Хөтөлбөрийн дараагийн шатанд тээвэр-логистикийн коридор, чухал ашигт малтмал, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарт бүс нутгийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх асуудал гол чиглэлүүдийн нэг болж байна. “КАРЕК”-ийн 2026 оны хэлэлцүүлгүүдэд чухал ашигт малтмалаас боловсруулах үйлдвэрлэл хүртэлх санхүүжилтийн түншлэл, тээвэр-логистик, эрчим хүч болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү авч үзэх юм.
Холбоотой мэдээ

Австралийн Нөөцийн банк бодлогын хүүгээ 4.6 хувьд хүргэж, 15 жилийн дээд түвшинд тогтоов
Инфляц таамгаас өндөр гарч, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн эрчим хүчний үнэ өссөн нь мөнгөний бодлогыг чангатгах гол шалтгаан болов.





Төрийн аудитын байгууллага: Төсвийн зарлага өсвөл хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн орон зайг хязгаарлаж болзошгүй
Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгаа ч зарлагын огцом өсөлт, уул уурхайгаас хамааралтай орлого болон хөрөнгө оруулалтын төлөвлөлт эрсдэл дагуулж байгааг…